
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр “Амгалан” дулааны станцын нээлтийн ажиллагаанд оролцов. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж буй “Амгалан” дулааны станцын нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, 1983 онд ашиглалтад орж байсан “ДЦС-IV”-өөс хойш тус станцын үйлдвэрлэдэг дулааны тал хувийг үйлдвэрлэх хүчийн чадал бүхий томоохон, 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт өнөөдөр Баянзүрх дүүрэгт ашиглалтад орж, 50.000 гаруй айл өрх, албан байгууллагын дулааны хэрэгцээг хангахаар болж байна. Монгол Улсын Их Хурал төслийг амжилттай, богино хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээн байгуулалтад шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталж байлаа. Түүнчлэн тухайн үеийн Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Хөгжлийн банк, Гаалийн Ерөнхий газар, ИХШХЕГ, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төв” зэрэг төрийн олон байгууллагуудын сайн уялдаа, дэмжлэг оролцоогоор энэ ажил хугацаандаа бүтсэн байна хэмээсэн юм. Түүнчлэн энэ бүтээн байгуулалт нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж байгаа төдийгүй цаашид томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг дурдсан юм.
“Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Хөгжлийн банкны Хятад Улсын Хөгжлийн банкнаас авах зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. "Амгалан" дулааны станцыг нээснээр Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдон, цаашид шинээр орон сууц барих боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн нийслэлийн дулаан хангамжийн систем найдвартай болохоос гадна одоогийн “ДЦС-4” ТӨХК-ийн ачаалал болон өсөн нэмэгдэж байгаа ачааллыг бууруулах ач холбогдолтой ажээ.
УИХ-ын дарга З.Энхболд "Амгалан" дулааны станцын нээлтэд оролцов | ||
Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.