Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаатай танилцав

2015-11-30 17:24:53

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Хөдөлмөрийн яамны бодлого, үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тус яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр тус яамны бодлого, үйл ажиллагааг танилцуулах үеэр хэлсэн үгэндээ УИХ-аар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Монгол Улс 2015 оны нэгдүгээр сард нэгдэн орсон “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” ОУХБ-ын 88, “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” ОУХБ-ын 181 дүгээр конвенциудын талаар мэдээлэл өгөв. Энэхүү конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр, хамгааллын эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэл тодорхойлогдож байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд, хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөжүүлж, мэргэшлийн түвшиний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулах зэрэг өөрчлөлтүүд орж байгаа нь ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Монголын төмөр зам” ХХК-аас ирүүлсэн төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтны судалгааг УИХ-ын даргад танилцуулав. Үүнд хүнд машин, механизмын оператор, завсарчин, мэргэшсэн жолооч, бетон арматурчин, геодезийн техникч гэх мэт төмөр замын доод бүтцийн ажилд шаардлагатай нийт эрэлттэй ажилтны тоо 3362 байгаа юм байна. Жишээ нь, Хүнд машин механизмын оператор мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын хувьд нийт 18 сургууль, суралцагчдын тоо 736, багшийн тоо 40 байгаа бол Хүнд машин механизмын засварчин мэргэжлээр 12 сургуульд 659 суралцагч суралцаж байгаа хэмээн Хөдөлмөрийн сайд танилцуулав.  Барилга, уул уурхай, төмөр замын салбарын нийт 60 мэргэжлээр 2016 оны 1 болон 6 сард төгсөгчдөөс цэргийн алба хаах хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон судалгааг мөн танилцууллаа. Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн 2.1 дэхь заалтад цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, стратегийн болон цэргийн тусгай хамгаалтын обьект, байгууламжийг барих, засвар үйлчилгээ хийх тодорхой мэргэжлийн боловсролд эзэмшүүлэн, сургаж дадлагажуулан, чадвар эзэмшүүлэх замаар үндэсний ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэхийг хөтөлбөрийн зорилго гэж тодорхойлсон байна. Хөтөлбөрийн зорилго, зарчмын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенцийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн А-д “Цэргийн шинжтэй ажилд цэргийн алба заавал хаах тухай хууль тогтоомжийн дагуу шаардах аливаа ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу албадан хөдөлмөрт тооцохгүй хэмээн заасан болохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ.

Түүнчлэн Улсын төсвийн 2015 оны тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар батлуулсан. Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр төлөвлөөд буйг салбарын сайд дурдсан юм. Мөн тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Улсын хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.0 хувь, ажилгүйдлийн түвшин 7.4 хувь байгаа бөгөөд Мэргэжлийн боловсрол, сургалтын 81 байгууллагад нийт 42675 суралцагч суралцаж байгаа аж. 

Мөн УИХ-ын даргад Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар өгсөн мэдээлэлдээ, 2014-2015 оны хичээлийн жилд 18978 хүн төгссөн нь өмнөх оныхоос 620 буюу 3.4 хувиар буурсан. Харин төгсөгчдийн 14.1 хувь нь техникийн, 49.2 хувь нь мэргэжлийн боловсрол, 36.7 хувь нь мэргэжлийн сургалтыг дүүргэсэн болохыг мэдэгдэв.

 

 


УИХ-ын дарга З.Энхболд Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаатай танилцав   
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2015-11-30 18:10
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй