Шууд Chart

500 мянга гаруй монгол хүн ядуурлаас ангижирсан гэв

2015-12-01 15:42:57

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдах Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр хуралдаж “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонслоо. Дэд хорооны хуралдаанд Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцов.

“Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн талаар НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биате Транкман танилцууллаа.  Тэрбээр илтгэлдээ Мянганы хөгжлийн зорилтууд, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтууд болон энэхүү зорилтуудыг Монгол Улс үндэсний зорилтуудтайгаа хэрхэн уялдуулах, Зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх болон түүний санхүүжилт, Монгол Улсын хувьд цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. Мянганы хөгжлийн зорилтуудын дуусаагүй ажлуудын талаар тэрээр хэлэхдээ, дэлхийн түвшинд ядууралтай тэмцэх ажил түүхэн түлхэц өгч амжилтад хүрсэн хэдий ч нэлээд зорилго, зорилтуудын ажил жигд биш байсныг тэмдэглэсэн. Харин Монгол Улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусган оруулсны зэрэгцээ 500 мянга гаруй монгол хүн ядуурлаас ангижирсан, эх болон нярайн /тав хүртэлх насны хүүхдийн/ эндэгдэл буурсан нь бодит амжилт дэвшил байгаа ч харин хүн амын 21.6 хувь ядуурлын түвшнээс доогуур амьдралтай, ундны цэвэр ус болон ариун цэврийн байгууламжийн Мянганы хөгжлийн сорилт хэвээр байгаа, шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал Мянганы хөгжлийн зорилтын дэвшүүлсэн түвшинд хүрээгүй байгааг дурдав. Мөн тэрээр 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх уриалга бол ядуурлыг устгах, тэгш бус байдалтай тэмцэх, эх дэлхийгээ хамгаалах ба даян дэлхийн хүн ам энх амгалан амьдарч, дэвшил хөгжилд хүрэх, Тогтвортой хөгжлийн гурван тулгуур- нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг цогцоор авч үзэх, Тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхдээ “Нэг ч хүнийг орхихгүй” байхад гол анхаарал хандуулах, Бүх нийтийн үйлс, бүх улс орон үйл ажиллагаа явуулах гэдгийг хэлэв. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын зарим гишүүн  асуулт асууж, санал хэлсэн юм.


500 мянга гаруй монгол хүн ядуурлаас ангижирсан гэв  
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй