Шууд Chart

Хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

2015-12-02 14:58:22

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Б.Болор танилцуулав.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.16-д “мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан татвар ногдуулж эхлэх юм байна. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем дэлхийн өндөр орлоготой ихэнх улсад хэрэгждэг. Харин манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй энэ цаг үед хэрэгжүүлж эхлэх нь иргэд, харилцагчид санхүүгийн хүндрэл бий болгох, банкинд мөнгөө хадгалуулах сонирхол багасч банкин дахь эх үүсвэрээ буцаан татах, өөрийн хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө эсвэл бусад татвар багатай зүйлд шилжүүлж үнийн хөөрөгдөл бий болгох гэх мэт сөрөг үр дагаварыг үүсгэж болзошгүй байгаа аж.

Одоогоор банкны системийн хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай өсч байгаа үед хууль хэрэгжсэнээр тус салбарыг эрсдэлд оруулж болзошгүй бөгөөд учир нь банкны салбарт сөрөг үр дагавар үүссэнээр зээл олголт улам хумигдаж, зээлийн эх үүсвэр багатай манай улсын эдийн засгийн үйл явц зогсонги байдалд орох эрсдэлтэйг банкны салбарын мэргэжилтнүүд сануулж буй юм байна.

Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хүүгийн орлогоос татвар авах зохицуулалтыг 2018 он хүртэл хойшлуулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

 


Хувь хүний орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй