Шууд Chart

Японоос оруулж ирэх архины татварыг хөнгөлнө

2015-12-02 15:40:07

Манай улс  Япон улстай  байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс Япон улсын гарал үүсэлтэй архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийнхтэй ижил хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Үүний дагуу Засгийн газраас Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байсан. Харин өнөөдөр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Марракешийн хэлэлцээрт нэгдэн орсон бөгөөд манай улс тус байгууллагын бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах үүрэг хүлээжээ.

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлд ДХБ-ын гишүүн орнуудын гарал үүсэлтэй импортын бараанд үндэсний гарал үүсэлтэй ижил бараанд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгохоор заасан боловч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи, дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа бөгөөд энэ нь 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дээрх заалттай зөрчилдөж байгаа аж.

УИХ өнгөрөгч хоёрдугаар сард Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байна.

Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон Улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Түүнчлэн архи, дарс үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмпингээс хамгаалах зорилгоор импортын архи, дарсанд ногдуулдаг гаалийн албан татварын хувь хэмжээг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт заасан /bounded/ буюу зөвшөөрсөн хувь хэмжээнд хүргэн нэмэгдүүлэхээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд тусгажээ.

Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар нар асуулт асуусан. Гишүүд импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварыг бууруулахаар улсад орох татварын хэмжээ хэр зэрэг буурахыг тодруулж байлаа. Түүнчлэн архи, дарс импортлогчдын тусгай зөвшөөрлийн хураамж буюу тэмдэгтийн хураамжийг 10 дахин нэмэгдүүлэх болсон шалтгааныг лавласан.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар, дээр дурдсан хэлэлцээрт заасны дагуу Японы талаас импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан аж. Хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг оруулснаар онцгой албан татварын орлого 3.950.7 сая төгрөгөөр буурах боловч гаалийн албан татварыг нэмэгдүүлснээр төсвийн орлого 3.999.4 сая төгрөгөөр нэмэгдэж нийт тэнцэл 53 сая төгрөгийн ашигтай гарахаар байгаа аж. Түүнчлэн архи, дарс импортлогчдоос гурван жилд нэг удаа авдаг тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах болно хэмээн сайд Д.Эрдэнэбат хэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Зоригт, Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Н.Батбаяр нар үг хэлж байр сууриа илэрхийлсний эцэст хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжин, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

 

 

 

 


Японоос оруулж ирэх архины татварыг хөнгөлнө  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-02 15:53
Монгол улсад ганц хямраагүй үйлдвэр архины үйлдвэр л байна даа, эрэлтээ дагаад нийлүүлэлт нэмэгддэг зах зээлийн хууль ч архин дээр л үйлчлэх юм даа, Монголын хөгжлийн ирээдүй архины үйлдвэрлэл, импорт байхаа

Бидэнтэй нэгдээрэй