Шууд Chart

Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд иргэдийн саналыг авна

2015-12-02 16:05:06

УИХ-ын даргын өнгөрөгч 2014 онд гаргасан захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг нараар ахлуулан нам, эвслийн бүлэг, бие даагчдын төлөөлөл 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт  Засгийн газрын бүх яамдын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид оролцсон баг ажиллаж Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын судалгааг НҮБХХ-ийн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр гарган эхний шатны ажил дуусгавар болсон юм.

УИХ-ын даргын 2015 оны 137 дугаар захирамжаар ажлын дэд хэсгийг шинэчлэн байгуулж, салбарын тэргүүлэх эрдэмтэд, бодлого судлаачид, мэргэжлийн байгууллага, хүмүүсийн төлөөллийг оролцуулан ажиллаж, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” төслийг боловсруулсан байна.

УИХ-аас “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт 11 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн билээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг төслөөр эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллага, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын  байгууллагын төлөөллийг оролцуулан “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг гурван удаа зохион байгуулсан бөгөөд иргэдийн саналыг авч төсөлд тусгах зорилгоор  www.parliament.mn, www.open.parliament.mn веб хуудсанд төслийг байрлуулжээ.

“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотой иргэн Таны саналыг tbbhoroo@parliament.mn, hogjiliinbodlogo@parliament.mn, ajiliinheseg@parliament.mn цахим шуудангийн хаягаар  авч байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.


Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд иргэдийн саналыг авна  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй