
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын Л.Цог, Г.Уянга, Су.Батболд, Ж.Батзандан нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Ж.Батзандан нар санал авах өдөр 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн санал асуулгад оролцож саналаа өгөх эрхтэй байхаар хуулийн төслийн холбогдох заалтыг өөрчлөх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Гадаад оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэд санал асуулгад оролцох энэхүү зохицуулалттай уялдуулан санал авах ажлыг зохион байгуулах хугацааг 30 хүртэл хоногийн дотор гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Л.Цог нар гадаад оронд байгаа иргэдийн саналыг авах ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулах санал гаргасан нь дэмжигдлээ.
Харин УИХ-ын гишүүн Су.Батболд, Л.Цог нар хуулийн төсөл дэх хугацаа заасан заалтуудтай холбоотой хэсгийг хасах санал гаргасан нь олонхын дэмжлэг авч чадсангүй. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төсөлд ард нийтийн санал асуулгыг 5-аас доошгүй асуудлаар явуулах санал гаргасан боловч энэ нь хуулийн төсөлд хөндөгдөөгүй асуудал гэсэн үндэслэлээгр санал хураалгах боломжгүй гэж үзсэн юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.
Ард нийтийн санал асуулгад 18 нас хүрсэн иргэн оролцоно | ||
Үзсэн: 521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.