
Өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталсан. Уг хоёр хууль ирэх 2016 оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. Гэхдээ үүний өмнө Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хохирлын сангийн тухай хуулийг батлах юм.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга нь бүтцийн хувьд ерөнхий анги, тусгай ангитай, 30 бүлэг, 273 зүйлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий анги нь 9 бүлэг, 68 зүйлтэй.
1.Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэм, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенци, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид заасны дагуу ял оногдуулахад ялгаварлахгүй байх, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял халдаан хэрэглэхгүй байх зарчмыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд тусгасан. Түүнчлэн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх, гэмт хэргийн шинжийг тодорхойлох, тайлбарлахад хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах, хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад хуулиар тусгайлан эрх олгож хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг ашиглаж болохоор хуульчилсан.
2.Эрүүгийн хуульд гэмт хэргийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй болгож, хүн, нийгэм, төрд учруулах хор аюулын шинж чанараас хамааруулан гэмт хэргийг зөрчлөөс үйлдлийн шинжээр нь тодорхой ялган заагласан.
3.Онц аюултай гэмт хэрэгтэн, ялтай байдал гэж нэрлэн заасан, хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж, Тусгай ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулаагүй. Ял, шийтгэл нь гарцаагүй байх ёстой боловч давтан гэмт хэрэг нэрээр ялыг хүндрүүлдэг байдлыг халж гэмт хэрэг тус бүрд нь ял оноохоор хуульд тусгасан.
4.Хуульд ялын төрлийг дараах байдлаар тусгажээ. Үүнд:
-Уламжлалт хорих, торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах ялыг шинээр нэмэж, Монгол Улс цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдсэний хувьд энэ ялыг халсан.Одоо хэрэглэж байгаа баривчлах ял үр нөлөөгүй байгааг харгалзан үзэж хорих ялыг долоо хоногоос хорин жил хүртэл хугацаатай байхаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчилсан.Хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг тэнсэх боломжгүй, харин гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор заасан. Торгох ялын илтгэлцүүрийг өөрчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог байсныг өөрчилж, “хоёр мянган төгрөг”-тэй тэнцэх “нэгж” гэсэн хэмжигдэхүүнээр тооцохоор болсон. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Улсын Их Хурал ч, Засгийн газар ч тогтоодоггүй, харин Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурвалсан хэлэлцээрээр тогтоодог учраас хэзээ ч өөрчлөлт орох боломжтойгоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн тохиолдолд хуульд заасан илтгэлцүүр өөрчлөгдөж, хуулийг зүйл, заалт бүрээр өөрчлөлт оруулах шаардлагатай болох учраас тухайн үеийн төгрөгийн ханштай уясан “нэгж” гэдэг илтгэлцүүрийг авсан байна. Ханшийн өөрчлөлт гарсан, инфляц үүссэн тохиолдолд Улсын Их Хурал зөвхөн “нэгж”-ийг хэдэн төгрөгтэй тэнцүүлэх вэ гэдгээ эргэж харахаас өөрөөр хуулийн зүйл, заалт болгонд өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй юм.
5.Хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой албадлагын арга хэмжээний төрлийг шинээр хуульчилсан. Үүнд: шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нь нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно:
-үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ
-эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ
-хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ.
6.Хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэг болгож, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулахаар хуульчилсан. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрд хорих ял оногдуулах зорилгогүй бөгөөд хүүхдийн хүмүүжил, нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх шинжтэй байх зохицуулалтыг тусгаж өгсөн.
7.Хуульд хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тусад нь бүлэг болгож, хуулийн этгээдийн өмнөөс хувь хүн хариуцлага хүлээдэг байсныг өөрчлөн байгаль орчинд хохирол учруулсан, мөнгө угаасан, терроризмыг санхүүжүүлсэн зэрэг Эрүүгийн хуулий тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээд өөрийнхөө хөрөнгөөр хариуцлага хүлээдэг байхаар хуульчилсан.
Хуулийн этгээдэд торгох, эрх хасах, татан буулгах ял оногдуулах бөгөөд Террор үйлдэх, Террор үйлдэхэд бэлтгэх гэмт хэрэгт хуулийн этгээдийг татан буулгах ял оногдуулна хэмээн заажээ.
Эрүүгийн хуульд заасан хариуцлага болон Захиргааны хариуцлагын тухай хууль, холбогдох бусад 210 гаруй хуульд заасан захиргааны зөрчил, түүнд оногдуулах захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ялгамжтай бөгөөд тохирсон хариуцлага тооцох асуудалд учир дутагдалтай явж ирсэн бөгөөд захиргааны хариуцлага оногдуулахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт давхардал, зөрчилтэй байсныг Зөрчлийн тухай хуулиар төрөлжүүлэн нэгтгэж, нэгдсэн стандартад оруулаад байна.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн хувилбар | ||
Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.