
Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл хийлээ. Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын мэдээлснээр, “Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар нийт 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагджээ.
Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдэх 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагджээ. Прокурорын байгууллагаас хорих, баривчлах ял эдлүүлж байгаа хорих, баривчлах анги, байр, шийдвэр гүйцэтгэх алба, цагдан хорих байр, сургалтын төв зэрэг нийт 43 газрын 3794 ялтныг хамруулж үүнээс, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих, баривчлах ялаас бүрэн өршөөн хэлтрүүлж сулласан 36.1 хувь буюу 1370, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн ялаа үргэлжүүлэн эдэлж байгаа 45.1 хувь буюу 1713 ялтан байна.
Баривчлах, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан нийт 6974 ялтнаас 6308 ялтан буюу 90.4 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялаас чөлөөлжээ.
Хорихоос өөр төрлийн ял /торгох, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, албадан ажил хийлгэх/ шийтгүүлсэн 1449 ялтны хувийн хэрэг, баримт бичгийг прокурор хянаж, үүнээс 91.3 хувь буюу 1324 ялтанд тогтоол үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нийт 5525 ялтны хувийн хэрэг, материалыг прокурор хянаж 90.2 хувь буюу 4984 ялтны ялыг хуульд хамруулан үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Тэрбээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар ял эдэлж байсан нийт 6680 ялтнаас 3671 нь буюу 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Үүнээс нийт 2071 ялтныг дэглэмээр авч үзвэл, баривчлах ялтан 143, жирийн дэглэмийн 1492, чанга дэглэмийн 409, онцгой дэглэмийн 25, гяндангийн 2 ялтан суллагдсан байна. Мөн гадаад улсын харьяат 9 ялтан тус хуульд хамрагдсан болохыг дуулгасан.
Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Тахарын алба, түүний харьяа орон нутаг дахь тойрог, хэсгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар түүний харьяа хорих ангиас суллагдсан 107, цагдан хорих байрнаас суллагдсан 45 иргэнийг орон нутаг дахь харьяалах Цагдаагийн албанд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дамжин өнгөрүүлэх 401-р хорих ангид суллагдсан 38 иргэнийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дамжин өнгөрүүлэх 401-р хорих ангиас суллагдсан 26 иргэнийг харьяа орон нутгийн Цагдаагийн албанд, Дамжин өнгөрүүлэх хорих ангиас суллагдсан ОХУ-ын 4, БНХАУ-ын 2, БНСУ-ын 1, Филиппин улсын 1, нийт гадаадын 8 иргэний Иргэний харьяат, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албадан гаргах хэлтсийн холбогдох албан тушаалтанд бүртгэлээр хүлээлгэж өгсөн талаар мэдээлэлдээ мөн дурдсан.
Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор тус газрын хамгаалалтад байсан гэрч, хохирогч нарын аюулгүй байдалд заналхийлсэн этгээдүүдээс хорих ялаар шийтгүүлсэн 4, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатнаас тус бүр 1, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан иргэн 1, нийт 7 арга хэмжээ цуцлагдсан байна.
Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 этгээд /хулгайлах 21, дээрэм 1, залилан 1, танхайрах 3, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах 2/ холбогдсон нь суллагдсан иргэний 1.4 хувь байна. Тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл 3 иргэнийг ”Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад, 6 иргэнийг “Заюу тайж” төрийн бус байгууллагад, Орхон аймагт 2 иргэнийг төрийн бус байгууллагад хүлээлгэн өгчээ.
Д.Ганбат: Өршөөлийн тухай хуульд 4340 хүн хамрагдсан | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.