Шууд Chart

Японд олон улсын роботын үзэсгэлэн болов

2015-12-09 10:35:24

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 2-ноос 5-ны өдрүүдэд дэлхийд хамгийн томд тооцогддог Олон улсын роботын үзэсгэлэн зохион байгуулагдлаа. 20-иод жилийн дараа гэхэд Япон улс дахь нийт ажил үүргийн тэн хагасыг робот гүйцэтгэдэг болно гэж судлаачид үзэж байна. Иймээс Токио хотноо зохион байгуулагдсан тус үзэсгэлэнгээс Япон улсын төдийгүй дэлхийн хэтийн дүр зургийг харж болох юм.

Токиод 1973 оноос хойш хоёр жил тутам уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн энэ үзэсгэлэнд олон улсын робот үйлдвэрлэгчид харилцаа холбооны жижиг роботоос аж үйлдвэрийн асар хүчтэй тоног төхөөрөмж хүртэлх төрөл бүрийн шинэ бүтээлээ дэлгэн танилцуулдаг байна. Энэ удаад тус үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн дотор автомашин даах чадвартай өргөгч гар, түүнчлэн усан доор судалгаа хийхэд зориулагдсан могой загастай төстэй “ХайБот” роботоос авахуулаад орон гэрт байрлуулах зориулалттай харилцаа холбооны жижиг роботууд хүртэл байгаа юм.

Тус үзэсгэлэнд “Шарп” корпораци гар утастай хослуулсан хийцтэй, халаасанд багтах “Робохон” нэртэй бяцхан роботоо танилцуулсан нь олны анхаарлыг их татлаа. Зарим компани аливаа байгалийн гамшгийн гамшгийн үед аврах ажиллагаанд ашиглах зориулалттай роботууд ч зохион бүтээжээ. Орчин үед робот бүтээгчид “Ар2-Ди2” буюу харагдах байдал нь машин, тоног төхөөрөмжтэй төстэй, эсвэл “Си3-ПиӨү” буюу хүний төрхийг дуурайлгасан гэх хоёр төрлөөр робот бүтээж байгаа юм.

Өрнөдийн орнууд хүн төрхт робот хэрэглэгчдийг татаж чадахгүй, харин ч айдас жихүүцэл төрүүлнэ гэж үздэг бол, Японы зохион бүтээгчид үүний эсрэгээр роботоо хүнтэй улам бүр төстэй болгохоор мэрийж байна. Эмнэлэг болон бусад газар өвчтөнтэй харьцахад ашиглах, гамшгийн үед дайчлах роботуудыг япончууд хүн төрхтэйгөөр үйлдвэрлэж эхлээд байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японд олон улсын роботын үзэсгэлэн болов  
Үзсэн: 2593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй