Шууд Chart

ОХУ Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэв

2015-12-09 18:25:09

Өчигдөр ОХУ Газар Дундын тэнгис дэх шумбагч хөлгөөс анх удаа Сирийн нутаг дэвсгэрт "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад пуужингийн цохилт өглөө гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн байна. Оросын Донин Ростов шумбагч онгоцноос Сирийн Ракка хотод "Исламын улс" бүлэглэлийн хоёр байнд далавчит пуужингаар цохилт өгч устгасан байна. Оросын Батлан хамгаалахын мэдээгээр өчигдрийн пуужингийн цохилтоор "Исламын улс" бүлэглэлийн зэвсгийн агуулах, газрын тосны олборлолт, уурхайн дэд бүтцийн хангамжийн үйлдвэрийг устгажээ. Сергей Шойгугийн мэдэгдсэнээр Оросын агаарын цэргийн хүчин АНУ, Израйльд Сирийн Ракка хотод пуужингийн цохилт өгөх гэж байгаагаа мэдэгдсэн байна. Харин эдгээр орны аль нь ч Оросын пуужингийн цохилтын талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй байна. 

Өнгөрсөн 10 дугаар сард ОХУ Каспийн тэнгисээс Сирийн нутаг дэвсгэрт 26 удаа пуужингаар цохилт өгч байсан юм. АНУ-ын тэргүүлсэн эвсэл өнгөрсөн 2014 оны есдүгээр сард Сирийн нутаг дэвсгэрт "Исламын улс" бүлэглэлд цохилт өгч эхэлсэн ч Сирийн эрх баригчидтай хамтарч цохилт өгч байгаагүй. ОХУ-ын хувьд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын хүсэлтээр агаарын цохилт эхлүүлж, Ассадын Засгийн газартай тагнуул, тандалт судалгааны мэдээллээ солилцох байдлаар илүү давуу талыг өөртөө авч чадлаа гэж шинжээчид дүгнэж байна. Оросын агаарын цэргийн хүчнийхэн сүүлийн дөрөв хоногийн дотор Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаатай "Исламын улс" болон бусад алан хядагч бүлэглэлд өгөх агаарын цохилтоо эрчимжүүллээ. Оросын стратегийн бөмбөгдөгч онгоц Ту-22Эм-3 онгоцоор алан хядагчдын 600 гаруй байрлалд 300 гаруй удаа цохилт өгч, онилсон байгаа амжилттай устгасан байна. Дөрвөн өдрийн дотор 1920 гаруй бөмбөг хаяж "Исламын улс" бүлэглэлийн командын 70 гаруй байр, сургалтын 21 бааз,  зэвсэг тэсрэх бодисны зургаан үйлдвэр, 43 агуулах, газрын тос боловсруулах үйлдвэр зэргийг агаарын цохилтоор устгасан байна. Оросын тэнгисийн хөлөг Истанбулаар өнгөрөх үеэр Оросын тэнгисийн цэрэг пуужин харвагч мөрлөсөн байсан нь цэвэр өдөөн хатгалага гэж Туркийн тал харж байна.

Гэхдээ Москва тухайн үед хөлгийн баг аюулгүй байдлаа хуулийн хүрээнд бүрэн хангасан байснаас биш аль нэг улсын хөлөгт аюул учруулаагүй гэдгээ мэдэгдэж байгаа. Энэ үйл явдалтай холбогдуулан Туркийн Засгийн газар Оросын дипломат төлөөлөгчийг дуудаж тайлбар шаардсан юм. Өнгөрсөн сард Оросын цэргийн онгоцыг Туркийн цэргийнхэн сөнөөж, нисгэгчийг нь Турк Сирийн хилд хөнөөснөөс хойш Москва Анкарагийн харилцаа муудаад байгаа. Мөн өчигдөр ОХУ Ми-24 байлдааны нисдэг тэрэг, Ми-8 ачааны нисдэг тэрэг нийт долоон онгоцоо Туркийн зүүн бүсээс нэг их холгүй Армен дахь цэргийн бааз руугаа илгээсэн юм. Харин өчигдөр Туркийн Засгийн газар шаардлагатай гэж үзвэл Оросын хориг арга хэмжээний хариуд Москвагийн эсрэг хориг тавина. Иракаас цэргээ гаргахгүй, харин Анкара Москватай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн байна. Одоо Орос Турк улсад эдийн засгийн хориг тавьж, хоёр талын худалдаа, эдийн засгийн комиссын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээнүүд зогсоод байгаа.

Туркийн хувьд Орос Туркийн хилийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрвөл заавал хориг тавьж, худалдаа эдийн засгаа хямраах бодолгүй байх шиг байна. Оросын Туркийн хүнсний ногоо, жимс, цэрэгт тавьсан хориг ирэх сараас хэрэгжээд эхлэхээр жилд 30 тэрбум америк долларын худалдаа хийдэг хоёр улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой байгаа юм.  Энэ хооронд Турк улс төрийн маргаандаа Иракийг татан оролцуулж байна. Туркийн Засгийн газар Ирак дахь цэргийн баазынхаа бүрэлдэхүүнийг сэлгэх нэрийдлээр Иракийн хойд нутагт "Исламын улс" бүлэглэлийн хяналт дахь газрын тосны ордыг хамгаалахад цэргийн хүчээ оруулсан. Гэхдээ өнөөдөр Иракд "Исламын улс" бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбогдуулж, тэндэх бааздаа нэмэлт цэргийн хүч оруулсан гэдэг тайлбарыг Туркийн талаас өгч байна.

Туркийн энэ ааш авир яг дангаараа гаргасан шийдвэр үү, эсвэл ард нь НАТО тоглолт хийж, Оросын эсрэг өдөөн хатгаж байна уу гэдэг нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Оросын хувьд Сирийн хямралд Турк эсвэл Өрнөдийнхөн ямар зарчмаар оролцох нь нэг их хамаагүй. Сирийн дэглэмийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт нь болоод байна. Харин дайны хөлөөс ангижирч чадаагүй байгаа Ирак Туркийн цэргийг яаралтай гаргахад шахалт үзүүлээч гэсэн хүсэлтээ НАТО-д гаргаж байна.

Иракийн Засгийн газрын тэргүүн НАТО-гийн ЕНБД-тай утсаар ярьж, Туркийн энэ үйлдэл тусгаар улсын бүрэн эрхт байдалд халдсан алхам болсон, иймд гишүүн орноо цэргээ гаргахад нөлөө үзүүлээч гэсэн шаардлагыг тавилаа. Орос ч мөн Туркийн Ирак улсад цэргийн хүч оруулсан асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хаалттай авч хэлэлцье гэсэн хүсэлт гаргаад байна. Харин АНУ Турк, Иракийг асуудлаа дипломат арга замаар шийдсэн нь дээр, Туркийн Ирак руу цэргээ оруулсан шийдвэр "Исламын улс"-ын эсрэг АНУ-ын тэргүүлсэн эвсэлтэй ямар ч хамаагүй гэдэг байр суурийг хэлж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОХУ Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэв  
Үзсэн: 1295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй