Шууд Chart

ОПЕК нийлүүлэлтээ хязгаарлахгүй гэснээс газрын тосны ханш сулрав

2015-12-09 18:57:41

-ОПЕК нийлүүлэлтээ хязгаарлахгүй бол ирэх онд газрын тосны ханш 20 ам.долларт хүрнэ-

Өчигдөр дэлхийн зах зээл дээр Хойд Тэнгисээс олборлодог Брент сортын нефтийн ханш 5,2 хувиар буурч, 40,75 америк долларт хүрч уналаа. Мөн Баруун Техасын w-t-i сортын нефтийн ханш нэг баррель нь  0,37 хувиар буурч 37,51 америк долларт хүрчээ. Энэ огцом уналт ОПЕК –ийн баасан гарагийн уулзалтаас газрын тосны нийлүүлэлтийг бууруулахаас татгалзсан шийдвэр гарсантай холбоотой юм байна. Нэг үгээр хэлбэл Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК хямд газрын тосны их урсгалыг зогсоохоос татгалзаж, энэ зах зээл дээр ноёлогч орнууд ашиг сонирхлоо хамгаалж байгаа нь газрын тосны ханшийг 2009 оны санхүүгийн хямралаас хойш түүхэн доод түвшинд хүргэсэн нь энэ юм.

Хэрвээ ОПЕК газрын тосны олборлолтонд тогтоосон одоогийн квотыг бууруулахгүй бол ирэх онд түүхий нефтийн ханш 20 америк долларт хүрч магадгүй гэсэн таамгийг эдийн засаг судлаачид гаргаж байна. Өнөөдөр газрын тосны олборлолт, нийлүүлэлт эрэлтээсээ давуу байгаагын дээр түүхий нефть экспортлогч улс орнууд олборлолтоо хязгаарлахгүй гэсэн байр сууриндаа зогссоор л байна. Гэвч нөгөө талд газрын тосны худалдаанаас эдийн засгийнхаа багагүй хувийг бүрдүүлдэг улс орнуудын санхүүгийн орчин хүнд байдалд байна. ОПЕК газрын тосны олборлолтыг бууруулахгүй гэдэг дээр бат зогсож байна. ОПЕК-ийн  Саудын Араб тэргүүтэй нөлөө бүхий гишүүд аль хэдийн нийлүүлэлт нь эрхэлтээсээ давсан зах зээл дээр хувьцааны төлөөх өрсөлдөөнд оролцоход бэлэн байна. Нефтийн зах зээл дээр газрын тосны нэг өдрийн хэрэглээ өдөрт олборлож байгаа хэмжээнээс бараг хоёр сая баррелиар бага байна. Саудын Арабтай өрсөлдөгч Иран, Ирак зэрэг орнууд ч ирэх онд газрын тосны олборлолт, гаралтаа нэмэгдүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдсэн. ОПЕК-ийн хувьд зах зээл дээрх илүүдлийг хязгаарлах бодит шаадлага гаргаж ирэхээр суурь өөрчлөлт хийхгүй бол, энэ зах зээлээ хянаж чадахгүйд хүрч, хар алтны ханш ирэх онд 20 америк долларт хүрэх төлөвтэй байна гэж зах зээл судлаачид анхааруулж байна.

Голдман Сакс зэрэг томоохон банкууд дэлхий нийт илүүдэл нефтээ хадгалах агуулах гаргахаас аргагүй болох нь гэсэн болгоомжлол их байгаа учраас газрын тосны ханш улам унах нь тодорхой байна гэж харж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээгээр өнөөдөр дэлхийн даяар газрын тосны агуулахууд дүүрч, дахин нийлүүлэлт авах боломжгүйд хүрч байна. Энэ тогтворгүй зах зээлийн төлөөх шинэ өрсөлдөөн гарч ирж байна. Саудын Араб энэ оны сүүлийн хагаст Ази тив рүү их хэмжээний газрын тос худалдаалсан байна. энэ нь нэг талаар хямд газрын тос худалдан авах сонирхолтой байгаа Хятадын хандлагатай холбоотой. Хятадын энэ оны эхний 11 сард авсан газрын тосны импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,7 хувиар өсөж, өдөрт 6,61 сая баррелийг авсан байна.

Түүхий нефтийн ханш түүхэн доод түвшинд хүрмэгц Хятад улс 2016 онд газрын тос худалдан авалтаа хоёр дахин нэмэгдүүлж, нефтийн стратегийн нөөцөө 70-90 сая баррелиар өсгөж магадгүй юм байна. Саудын Арабын хувьд төсвийнхөө тэнцвэрт байдлыг хангахад газрын тосны ханшийг нэг баррелийг нь 100 америк долларт барих шаардлагатай. Гэвч газрын тосны дэлхийн хамгийн том экспортлогч энэ улс түүхий нефтийн ханшийг өсгөх алхам хийхгүй, мөрийтэй тоглоомын дүрмээр хожлыг хүлээсээр байна гэж эдийн засагчид шүүмжлэнгүй байна. Мөн нөгөө талд дэлхийн хүчирхэг зургаан улс ОПЕК-ийн гишүүн Ирантай цөмийн хөтөлбөрийг нь зогсоох тухай гэрээ байгуулж, хариуд нь эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэхээр болсон. Энэ нь Иран газрын тосны олборлолт, экспортоо нэмэгдүүлэх боломжийг нээж өгсөн учраас газрын тосны зах зээлд Иранаас их урсгал орж ирэх төлөвтэй байна.

Иранд тавьсан Эдийн засгийн хоригийг цуцлах, зөөлрүүлэх шийдвэрийг газрын тосны зах зээл их эмзэг хүлээж авсан нь зах зээл дээр хар алтны ханшийг улам унагаж байна. Одоо энэ зах зээлийг тогтворжуулахад ОПЕК-ийн шийдвэр чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл газрын тосны ханш энэ эрчээрээ улам унах уу, эсвэл чангарах уу гэдгийг ОПЕК-ийн дараагийн нүүдэл шийдэх юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОПЕК нийлүүлэлтээ хязгаарлахгүй гэснээс газрын тосны ханш сулрав  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-12-15 18:41
hansh n unaa l bdag manaid esregeeree changaraa l bdag sonin um shuu delhiin chig handlagiin esreg bdag n

Бидэнтэй нэгдээрэй