Шууд Chart

Сирийн энхийн хэлэлцээг Нью Йоркт үргэлжлүүлнэ

2015-12-11 10:29:23

Сирид энх тайван тогтоох тухай хэлэлцээнд оролцогч улс орнуудын Гадаад хэргийн сайдууд энэ сарын 18-нд Нью Йорк хотноо уулзалт хийхээр төлөвлөж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри Парис хотноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунтэй уулзалт хийснийхээ дараа Сирийн энхийн хэлэлцээг АНУ зохион байгуулах гэж байгааг мэдэгдсэн байна.

Нью Йорк хотноо болох энэхүү хэлэлцээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-аас Сирийн хямралыг зохицуулах тусгай төлөөлөгчөөр томилогдсон Стаффан де Мистура нар оролцох юм байна. Өнгөрсөн сард Вена хотноо болсон Сирийн энхийн хэлэлцээгээр талууд энхийн төлөвлөгөө батлах санаачилгад санал нэгдсэн юм. Энэхүү энхийн төлөвлөгөөгөөр Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын Засгийн газар, төр засгаа эсэргүүцэгч хүчнүүдийн хооронд хэлэлцээ явуулах товыг ирэн оны нэгдүгээр сарын 1-ний өдөр байхаар тогтсон юм байна.

Мөн НҮБ-ын ивээл дор 18 сарын дотор Сирид бүх нийтийн сонгууль явуулахыг тус тогтоолоор санал болгосон юм. Гэвч хэлэлцээнд оролцогч орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг огцруулах асуудал дээр санал зөрүүтэй хэвээр байна. Өрнөдийн улс орнууд Саудын Араб Башар Ассадыг огцруулах сонирхолтой, харин ОХУ, Иран зэрэг орон түүнийг эрх мэдэлд нь үлдээхийг дэмжиж байгаа юм.

Өнгөрсөн сард Туркийн цэргийн хүчнийхэн ОХУ-ын байлдааны онгоцыг сөнөөснөөс хойш Сирид энх тайван тогтоох тухай хэлэлцээнд оролцогч орнуудын харилцаа төвөгтэй болоод байна. Иймд Америк улсад зохион байгуулах энэхүү хэлэлцээнээс ямар үр дүн гарах, хэлэлцээ урагшлах эсэхийг хэлэхэд эрт байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Сирийн энхийн хэлэлцээг Нью Йоркт үргэлжлүүлнэ  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй