Шууд Chart

Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа

2015-12-14 09:51:29

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг хэлэлцэн баталлаа.  Энэ оны 6 сард УИХ-аас “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үйл ажиллагаандаа хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж хяналт тавих эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор журмыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал танилцуулсан юм.

Журмын төсөлд утсаар болон цахимаар иргэдээс санал авснаас гадна дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын  төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал авчээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журмыг хэлэлцэн баталснаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Журамд орсон гол өөрчлөлтүүдийг товчхон танилцуулахад, тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган ба Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хандаж, тусгай зөвшөөрөл хүссэн болгон зөвшөөрлөө авах боломжтой болсон. Мөн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтын тоог цөөлж, 6-8 төрлийн бичиг баримтыг дөрвөн төрөл болгожээ. Журамд хүсэлт гаргагч нь шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авсан байна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийгдсэн байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна, тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгоно гэсэн заалтуудыг нэмж оруулжээ.

Журмыг хориглох зүйлд нийтийн зориулалттай орон сууцанд “Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно гэсэн бол тусгай зөвшөөрөлтэй газруудад тавигдах шаардлагын дагуу Мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж хяналт тавьж ажиллана гэсэн байна.


Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй