Шууд Chart

Францын Үндэсний фронт нам орон нутгийн сонгуульд ялагдал хүлээлээ

2015-12-14 13:20:58

Францын орон нутгийн сонгуулийн эхний шатанд саналын тоогоор тэргүүлж, Францын улс төрд эргэлт авч ирэхээр үр дүн харуулж магадгүй гэгдэж байсан хэт барууны үзэлтэй Үндэсний фронт нам сүүлийн шатны санал хураалтад ялагдал хүлээжээ.

Цагаачлалын эсрэг бодлого барьдаг энэ нам орон нутгийн сонгуулийн эхний шатанд 17 мужийн зургаад нь саналын тоогоор тэргүүлсэн юм. Энэ сарын 6-нд болсон орон нутгийн сонгуулийн эхний шатанд Францын улс төрийн аль ч нам, эвсэл 50-иас илүү хувийн санал авч чадаагүй учраас сүүлийн шатны санал хураалтыг өчигдөр зохион байгуулсан байна. Санал тооллогын 98 хувийн дүнгээр Үндэсний Фронт нам аль ч мужид тэргүүлэх санал авч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл эхний шатанд авсан зургаан муждаа ч тэргүүлэх санав авч чадсангүй.

Харин ерөнхийлөгч асан Никола Саркозигийн консерватив Бүгд найрамдах нам саналын тоогоор тэргүүлж, ялагч болж байна. Саркозигийн нам болон түүний эвслийнхэн 17 мужийн наймд нь саналын тоогоор тэргүүлжээ. Мөн ерөнхийлөгч Франсуа Олландын тэргүүлдэг Социалист нам, зүүний чиглэлийн эрх баригч эвсэл 17 мужийн 5-д нь ялалт байгуулахаар дүн гарчээ. Францын эрх баригч эвсэл сонгуулийн сүүлийн шатанд зарим мужуудад нэрээ татаж, Үндэсний фронт нам эрх мэдэлд хүрэхээс сэргийлж, Саркозигийн намд саналаа өгөхийг дэмжигчдэдээ уриалжээ. Францын иргэд орон нутгийн сонгуулийн сүүлийн шатанд идэвхтэй оролцсон байна. Өчигдрийн санал хураалтын ирц эхний шатны санал хураалтынхаас долоон хувиар илүү байжээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Францын Үндэсний фронт нам орон нутгийн сонгуульд ялагдал хүлээлээ  
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй