Шууд Chart

Терроризмтой тэмцэх исламын улсуудын цэргийн эвсэл байгуулагдав

2015-12-16 11:35:46

Ойрхи Дорнодод терроризмтой тэмцэх зорилгын дор исламын шашинт 34 улсыг нэгтгэсэн цэргийн эвсэл байгуулсанаа Саудын Араб зарлалаа. Эвсэлд Египет, Катар, АНЭУ, Турк, Малайз, Пакистанаас гадна Араб, Африкийн өөр олон улс нэгдсэн байна.

Гэхдээ тус бүс нутгийн нөлөө бүхий орны нэг Иран энэ жагсаалтад багтаагүй байна. Энэ нь Тегеран эртнээсээ Саудын Арабтай эв түнжин муутай байдагтай холбоотой байх магадлалтай аж. Цэргийн эвсэлд багтсан улсууд Саудын Арабын удирдлаган дор террорист байгуулагуудтай тэмцэх бөгөөд Эвслийн нэгдсэн командын төв нь Саудын Арабын вант улсын нийслэл Эр-Рияд хотод байрлах гэнэ.

“Энэхүү эвсэл Исламын шашинт улс орнуудын эрх ашигт аюул занал учруулж байгаа терроризмтой тэмцэхээс гадна өөрөө өөрсдийгөө хамгаалах ард түмнүүдийн эрхэд суурилсан” гэдгийг тус эвсэлд нэгдсэн орнуудын мэдэгдэлд дурджээ. Мөн исламын шашинтай өөр 10 улс бас шинээр байгуулагдсан тус эвслийг дэмжихээ илэрхийлсэний нэг нь Индонези улс юм. Саудын Арабын байгуулсан терроризмын эсрэг энэхүү эвсэл дан ганц “Исламын улс” алан хядагч бүлэглэлээс гадна бусад террорист байгууллагын эсрэг тэмцэх бөгөөд олон улсын байгууллагууд болон томоохон гүрнүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна гэж мэдэгджээ.

Одоогоор "Исламын улс" террорист бүлэглэлийг дарах зорилготой хэд хэдэн идэвхтэй эвсэл байгаа. Тухайлбал алан хядагч бүлэглэлийн эсрэг АНУ-ын тэргүүлсэн эвсэл байна. Арабын булангийн орнуудтай хамтарсан энэ эвслийг дэлхийн 65 орон дэмждэг юм байна. Гэхдээ АНУ-ын тэргүүлсэн эвсэл Сирийн агаарын орон зайд нэвтрэхдээ Сирийн төр засгаас зөвшөөрөл аваагүй, шууд цохилт өгч эхэлсэн юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Терроризмтой тэмцэх исламын улсуудын цэргийн эвсэл байгуулагдав  
Үзсэн: 1387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй