Шууд Chart

ШХАБ 2020 оноос чөлөөт худалдаа хийнэ

2015-12-16 12:38:04

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын орнуудын засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн хуралдаанаас гишүүн орнууд 2016-2020 онд харилцаа хамтын ажиллагаагаа шинэ түвшинд үргэлжлүүлэх тухай төлөвлөгөөг баталлаа. Мөн ШХАБ-ын орнууд байгууллагынхаа хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг боловсруулж байна.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян ШХАБ-ын хүрээнд худалдаа хийхэд илүү таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд дорвитой тодорхой арга хэмжээ боловсруулах санал гаргаж, ШХАБ-ын дэргэд худалдааны нөхцлийг хялбаршуулах тусгай ажлын хэсэг байгуулагдсаныг сануулаад, 2020 он гэхэд энэ байгууллагын орнуудын хооронд бараа, капитал, үйлчилгээ, технологи чөлөөтэй хөрвөдөг болгохын тулд энэ чиглэл дэх хамтарсан үйл ажиллагаанд хүчээ нэгтгэхийг уриалжээ.

Үүнээс гадна Ли Көцян Европ, Азийг холбосон тээврийн нэгдсэн сүлжээ байгуулах шаардлагыг тэмдэглэлээ. “Зам нээгдвэл баялгийн үүд дэлгэгдэнэ” гэж тэрээр хэлээд, ШХАБ-ын орнууд олон улсын авто тээвэрт таатай нөхцөл бий болгох хэлэлцээр байгуулсан, одоо бүс нутагтаа авто замыг зохицуулалттайгаар хөгжүүлэх хөтөлбөр боловсрогдож байгааг дурдсан байна. “Үүний дүнд Төв Азийн бүс нутагт зангилаа бүхий Евразийн тээврийн нэгдсэн сүлжээ бий болгох шаардлага тулгарч байгаа” гэдгийг Хятадын төрийн зөвлөлийн дарга тодотгожээ.

Мөн ШХАБ-ын хуралдааны дүнд талууд ШХАБ-ын Хөгжлийн банк, Хөгжлийн сан байгуулах талаар цаашид хийх ажлын талаар тохирсон байна. Үүний зэрэгцээ терроризмоос ШХАБ-ыг хамгаалах хүчтэй хаалт хориг тавихыг Хятадын талаас уриалсан байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ШХАБ 2020 оноос чөлөөт худалдаа хийнэ   
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй