Шууд Chart

Ван Гогийн өрөөсөн чих хаачив

2015-12-21 13:49:23

“Шургуу хөдөлмөрийн ачаар гар мэдрэмжинд захирагддаг” гэж Винсент Ван Гог хэлсэн байдаг. Түүний “Чихээ боосон гаанстай хөрөг” зураг 1990 оны сүүлээр 80-90 сая долларын үнэд хүрч байсан юм.

Ван Гог өрөөсөн чихээ тасдчихсан юм гэнэ лээ. Ертөнцийн дуу авиаг эгэл жирийн сонсдог Поль Гогенд “Дабл” чихээр сонсог гээд үнэнч нөхөрлөлийн бэлгэдэл болгоод илгээсэн гэдэг дам яриа бий.
Үнэн худлыг нь мэдэхгүй ч өрөөсөн чихээ боосон өөрийгөө зурсан хөргүүд байдаг.
1990 онд Москвад Хэвлэлийн дээд сургууль төгсөх жил надад Германы Дрезден хотод зочлох завшаан тохиов. Дрездений галерейд зочлоод орос хэл дээр цөөн хэдэн ном худалдан авсны нэг нь Ван Гогийн ном байж билээ.
Долоодугаар сарын сүүл хавийн нарлаг сайхан өдөр яагаад ч юм гэнэт номоо дэлгээд найз нартаа гайхуулах гэтэл 1890 оны 7 сарын 29 буюу алдарт зураач нас барсан өдрийн зуун жилийн ой тохиосон сонин учрал боллоо. Ирээдүйн зураач, дизайнер болох Б.Нямдорж, Х.Отгобямба,  Д.Цогтбаяр нарын бидний хэдэн залуус энэ тохиолдлыг бэлгэшээн ойролцоох “Цагаан шөнө” шар айргийн газар орж жаахан тухлав. Импрессионист урлагийн гол төлөөлөгчдийн нэг Голландын зураач Винсент Виллем Ван Гог 1853 оны гуравдугаар сарын 30-нд Грот Зюндерт хотноо мэндэлжээ. Түүний эцэг Теодор Ван Гог протестант шашны номлогч, харин ээж Анна Корнелия Карбентус нь Гаага хотын нэрт номын хавтаслагч, номын дэлгүүрийн худалдаачны охин ажээ.
Түүний дээд талын хүүхэд эндсэн учир Ван Гог айлын ууган хүү болсон юм. Тэрээр таван дүүтэй өнөр өтгөн айлын хүүхэд ажээ. Винсент багадаа дуугүй томоотой хүүхэд байсан гэнэ. Тэрээр бага сургуульдаа Франц, Англи, Герман хэлийг сайн эзэмшсэн ч 1866 онд сургуулиа нэг мөсөн хаяж гэртээ иржээ. Ван Гог хожим хүүхэд насаа дурсахдаа “Миний бага нас бүрхэг, хоосон хөндий мэт өнгөрч билээ” гэж ярьсан байдаг.

1869 онд Винсент Лондонд салбараа нээсэн Цент ахынхаа урлагийн арилжааны  “Goupil & Cie” пүүст орж, өдөр бүр урлагийн бүтээлүүдийг үнэлэн худалдаалах ажил эрхэлж байсан нь хожмын уран бүтээлд нь сайнаар нөлөөлжээ. Ван Гог арилжаа наймааныхаа ажлын хажуугаар хотын үзэсгэлэн музейнүүдийг байнга үзэж, Жан Франсуа Миле, Жюль Бретон нарын зургийг ихэд хүндэтгэн бишрэх болжээ. Эцгээсээ ч илүү наймааны одтой байсан тэрээр Хакфорд Роуд-87 гудманд байр хөлсөлж байсан юм. Тэрээр байрны эзэн Урсула Лойерийн охин Евгенийд хайртай байсан гэдэг яриа байдаг ч Каролина Хаанебикт дурлаж байсан баримт байдаг аж. Дурлалт бүсгүй нь тоогоогүйд гутарсан Ван Гог бүхий л ажлаа орхин Библийн судар судлан шашинг бишрэн шүтэх болжээ. 1876 онд Винсент Англид буцан ирж Реймсгейтийн дотуур байранд сүмийн идэвхтэн багшаар цалингүй ажиллах болсон байна. Удалгүй тэрээр Лондон орчмын Айлвортод номлогчийн туслахаар томилогдон, ядууст зориулан анхны сургаалаа ч айлджээ. Гэвч удалгүй эцэг, эх нь ятгаснаар Ван Гог Англиас эргэн ирж Голландын Дордрехтийн номын дэлгүүрт ажиллах болсон байна. Дэлгүүрийн лангууны ард суух уйтгартай байсан тул тэрээр чөлөөт цагаараа таталбар зураг зурж, Библийн судрыг Герман, Англи, Франц хэлнээс шамдан орчуулах болов.
1877 оны тавдугаар сард  Ван Гог Амстердамд авга ах адмирал Ян Ван Гогийнд ирж, Шашны дээд сургуульд элсэлтийн шалгалтад бэлтгэсэн ч төдийлөн амжилт ололгүй Брюсель орчмын Лакенд шашны зан үйлийн гурван сарын дамжаанд амжилттай суралцжээ.
1878 оны 12 дугаар сараас тэрээр Бельгийн Боринажийн ядуусын уурхай руу номлогчоор томилогдон очиж байв. Улмаар 1880 оноос уран зурагт шимтэн Брюселийн уран зургийн академи болон Антверпений  А.Мауве зэрэг нэртэй зураачдаас зөвлөгөө авах болжээ.
Тосон будгаар бүтээсэн зургууд нь амжилт олж, “Нюэненегийн протестант сүмийн гарц” \1884-1885\, “Тариачин эмэгтэй” \1885\, “Төмс идэлт” \1885\, “Нюэненегийн хуучин сүмийн цамхаг”, “Шаахай” зэрэг зураг зуржээ.
1886-1888 онд Ван Гог Парист ирж Европ даяар алдартай П.Кормоны урланд суралцан импрессионист чиглэлийг сонгон туурвих болсон төдийгүй Японы алдарт бар зургуудаас суралцжээ. Энэ жилүүдэд Винсент уран бүтээлийн дотны нөхөр Поль Гогентай дотно найзалж эхэлсэн юм. Тэд зэрэгцэн суугаад зурсан наранцэцгийн зургууд үнэхээр гайхалтай.


 
Дотны нөхөр Поль Гогений  зурсан хөрөг

Чухам энэ үеэс түүний уран бүтээлд хурц тод өнгө ноёлох болжээ. Ван Гогийн бийрийн аясаар “Агостина Сегатори”, “Тамбурин кафед”, “Танги аав”, “Парис дахь Теогийн байрнаас харагдах Лепик гудамжинд” зэрэг өвөрмөц шийдэлтэй эрчимт зураастай зургууд нь төрлөө.   

 
 Наран цэцгүүд

1888 онд Ван Гог Арльд очсоноор жинхэнэ өөрийн гэсэн өвөрмөц содон арга барилаа олж авсан юм. Түүний зурагт нарлаг шар өнгө болон наранцэцгийн сэдэв зонхилох болсон.
“Шар байшин”, “Гогений буйдан”, “Шөнийн кафе” болон Наранцэцгийн цуврал зургуудаас нь энэ аяс тодорхой мэдэгддэг.
Хорвоод гучин долоохон наслахдаа Ван Гог зөвхөн сүүлийн арван жилийг л урлагт зориулсан байдаг.


Усан үзмийн тариаланчид 

Тэрээр амьд сэрүүндээ “Усан үзмийн тариаланчид” гэх ганцхан зургаа л зарсан байдаг юм. Ядуу тарчигхан амьдарч байсан түүний энэ бүтээлийг 1890 онд Анна Бох гэгч зураач эмэгтэй худалдан авч, зураачийн магнайг тэнийлгэж байсан гэдэг. Одоо алдарт энэ зураг Москва хотын А.С.Пушкиний нэрэмжит  Дүрслэх урлагийн музейд хадгалагддаг. Энэ зураг дэлхийд Леонардо да Ванчийн “Жоконда” зургийн дараа бичигдэх өндөр ханшаар зарагдсан тухай Гиннесийн номд орсон байдаг.
Ван Гог 1888-1889 онд шуудан зөөгч Ролений гэргий, нүдэнд дулаахан махлаг эмэгтэйн хөргийг бүтээжээ.


 “Бүүвэйн дуу”

“Энэ эмэгтэйн ярьж байгаа нь яг л бүүвэйн дуу мэт сонсогдох юм” гэж өгүүлээд зураач “Бүүвэйн дуу” гэж сайхан нэр хайрласан байдаг.
Ван Гог амьдралынхаа сүүлчийн долоо хоногт хамгийн сүүлийн бүтээл болох алдарт “Хэрээ суусан улаан буудайн талбай” зургаа зурж дуусгасан байдаг.
Сүүлийн жилүүдэд  тэрээр сэтгэцийн согогтой болон Арль болон Сен Реми де Провансид сэтгэл мэдрэлийн эмнэлэгт Гаше эмчээр эмчлүүлж байжээ.
1890 оны 7 сарын 29-ний өдөр Ван Гог өөрийгөө буудан амиа хорлосон байдаг.
Бүтэн 29 цагийн турш шархандаа шаналан байхдаа Винсент Ван Гог дүү Теодоо “Уйтгар гуниг гэдэг мөнхөд хэвээрээ үргэлжлэх болно” гэж хэлж байсан гэдэг.
Тео бол түүний хувьд авралын сахиусан тэнгэр, жинхэнэ  ивээн тэтгэгч нь байсан юм. Үргэлж мөнгөний гачаалд ордог түүнд дүү нь хангалттай мөнгө илгээдэг байжээ. Шашинд үнэн голоосоо итгэдэг Ван Гог дүүгээсээ мөнгө хүссэн захиа бичиж байхдаа хэнд тус болон мөнгөө хуваалцахаа бодож суудаг өгөөмөр сэтгэлт нэгэн байжээ.
2011 оны 10 дугаар сард АНУ-ын урлаг судлаач Стивен Найфех болон Грегорои Уайт Смит нар түүнийг сахилгагүй хүүхэд санамсаргүй буу алдаад буудчихсаныг Ван Гог ялыг нь өөрөө хүлээсэн гэдэг сонирхолтой таамаг баримт түшин дэвшүүлсэн байдаг.
Түүний нас барсны дараахан Брюсель, Парис, Гаага, Антверпен хотод дурсамж үзэсгэлэнг нь зохион байгуулсан юм. Мөн ХХ зууны эхээр Парис \1901-1905 \, Кёльн \1912\, Нью-Йорк \1913\, Берлин \1914\ хотод алдарт зураачийн үзэсгэлэнг гаргаж байжээ.
Наранцэцгийг олон янзаар зурах дуртай түүний шарил дээр энэ сүрлэг цэцгүүдийг тарин ургуулсан байдаг гэнэ лээ. Хожим дүү Тео нь насан эцэслэхэд алдрын титмийг амьддаа атгаж чадаагүй ч насан туршдаа хүндэтгэн дэмжиж ирсэн хайрт ах Винсентийнх нь дэргэд  оршуулжээ.


Өөрийн хөргүүд

Өнөөдөр Ван Гогийн зурсан зураг бүхэн урлагийн бирж дээр дэлхийн хамгийн үнэтэй зургуудын ханшийг тодорхойлон байдаг. Зөвхөн 2011 онд гэхэд түүний зурсан “Доктор Гашегийн хөрөг”, “Шуудан зөөгч Жозеф Ролены хөрөг”, “Ирис” зэрэг зураг нь нийт 100 сая долларын үнэд хүрсэн байдаг.
1993 онд түүний зурсан “Агар модтой улаан буудайн талбай” зураг нь 57 сая доллароор зарагдаж байсан нь тухайн үедээ санаанд багтахын аргагүй өндөр ханш билээ. Түүний “Чихээ боосон гаанстай хөрөг” зураг нь 1990 оны сүүлээр 80-90 сая долларын үнэд хүрч байсан юм. Ван Гог  дүүдээ бичсэн өөрийн сүүлчийн захиандаа “Надад энэ хорвоод үр хүүхэд заяасангүй. Харин хэдэн муу зураг минь миний удмыг залган үлдэх болно”  гэсэн нь ийнхүү биелэлээ олжээ. Экспрессионист хандлагатай түүний уран зургийн зоргоор зорчих эрх танхай  уран зураасууд Виллем Кунинг, Говард Ходжкин болон Жексон Поллок нарын бүтээлд тусгалаа олсон байдаг.

Винсент Ван Гогийн уран зургийн хандлагыг ХХ зууны  орчин үеийн модернист урлагийн төрөл болох постимперссионист, экспрессионист, фовист чиглэлийн урсгалын төлөөлөлд хамааруулан үзэх нь бас бий.
2009 оны 10 дугаар сараас 2010 оны нэгдүгээр сар хүртэл Амстердам хотноо түүний захидлын үзэсгэлэн гаргасан. Энэ үзмэрийг үрэлжлүүлэн 2010 оны дөрөвдүгээр сар хүртэл Лондоны эзэн хааны уран зургийн академийн байранд дахин зохион байгуулж байсан юм.

Саяхан  шахуу болсон дуудлага худалдааны арилжааны “Profiles in history” бирж дээр Голландын алдарт зураач Винсент Ван Гогийн 1890 оноор хаяглагдсан захиа 280 000 доллараар зарагдсан талаар орон нутгийн мэдээллийн сайт мэдээлжээ.
Тус захидлыг мэргэжилтнүүд тооцолсон үнэндээ тохирсон арилжаа боллоо гэж үзэж байгаа юм. Өнөөдөр түүний зурсан бүхэн, бичсэн захидлын хэсэг нь ч өндөр үнэд хүрч байна. Хэрвээ түүнийг амьд сэрүүнд нь тэнгэрт тулсан үнэтэй эдгээр бүтээл нь зарагдаж байсан бол ядуу зураач нэг сар ч болтугай гэдэс цатгалан, мөр бүтэн явах байсан биз.

 


Ван Гогийн өрөөсөн чих хаачив   
Үзсэн: 2321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-12-21 18:01
Сайхан нийтлэл байна

Бидэнтэй нэгдээрэй