Шууд Chart

Испани хоёр намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжинэ

2015-12-22 11:23:56

Испанийн эрх баригч консерватив нам парламентын сонгуульд хамгийн олон суудал авсан ч парламент дахь олонхийн байр сууриа алджээ. Санал тооллогын хувийн дүнгээр Ерөнхий сайд Мариано Рахойн Ардын Нам парламентын 350 суудлаас 123 суудал, Социалист нам 90, төсөв танахыг эсэргүүцэгч Подемос нам 69 суудал тус тус авсан байна.

Эрх баригч нам парламентад олонхийн суудлаа алдсан учраас одоо эвслийн Засгийн газар эмхлэн байгуулах ёстой болж байна. Сүүлийн 30 гаруй жилд Ардын нам болон Социалист нам засгийн эрхийг ээлжлэн барьж, Испанид хоёр намын тогтолцоо бүрдээд байсан юм. Подемос намын удирдлага Испанийн парламентын энэ удаагийн сонгууль Испанийн улс төр дэх хоёр намын тогтолцоонд төгсгөл ирж, Испани улсад шинэ эрин үе эхэлж байгааг харууллаа гэж дүгнэж байна. Эрх баригч Ардын нам олонх болоход наанадаж 176 суудал авсан байх ёстой. Энэ нам одоо парламентад 186 суудалтай, олонхийн байр суурьтай байдаг юм.

Эрх баригч намын дарга Мариано Рахой сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, тогтвортой засаг бүрдүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргана гэдгээ мэдэгджээ. Харин улс төр судлаачид социалист нам Подемос болон бусад дээгүүр санал авсан намуудтай эвсэх боломж бий учраас Испанийн эрх баригч нам эвслийн засаг бүрдүүлэхэд бэрхшээлтэй байж магадгүй гэж таамаглаж байна. Мариаоно Рахойн Засгийн газар эдийн засгаа өсгөх зорилгоор төсөв танах, хөдөлмөрийн зах зээлдээ шинэчлэлт хийх зэргээр хатуу арга хэмжээ баталсан нь ард түмнийхээ дунд нэр хүнд нь унахад нөлөөлсөн юм.

Хэдийгээр Засгийн газар нь ард түмнийхээ бүсийг чангалах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч Испанид өнөөдөр ажилгүйдэл 21 хувьтай, Европын холбоондоо ажилгүйдлын түвшнээр Грекийн дараа, хоёрдугаарт жагсаж байна. Мөн эрх баригч намын гишүүд авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь Мариано Рахойн Засгийн газрын нэр хүнд унахад нөлөөлсөн юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Испани хоёр намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжинэ  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй