Шууд Chart

Догшин бүргэдийн дууль буюу Монгол Улсын баатар Мазимын Экей

2015-12-23 12:42:54

Монгол Улсын Баатар Мазимын Экей... Хуучин Эвлэлийн Төв хорооноос эрхлэн гаргасан Монгол Улсын баатруудын тухай жижигхэн номуудын нэгэнд түүний талаар тийм ч тодорхой биш зүйлийг бичсэн байна. Мөн манай зэвсэгт хүчний түүх, Халхын голын дайны талаарх номуудад энэ хүмүүнийг цухас дурджээ. Басхүү Мазимын Экейн хувийн хэрэг гээд байх зүйл архивт бараг байхгүй гэдгийг дуулгахад юутай харамсалтай. Халхын голын дайнд Алдарт Тамсагбулангийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хорооны 4 дүгээр суманг даргалж Японы харгис цэргийн урдаас эрслэн босож, эх орон, ард түмнээ өмгөөлөн хамгаалаад өөрөө тэртээ зүүн хязгаарт үүрд нойрссон энэ баатрын тухай учирлан өгүүлэхийг хичээлээ.

Экейн жинхэнэ дүр төрх нэг ч гэрэл зургийн хальсан дээр үлдсэнгүй. Харин түүнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан, дайчин нөхдийнх нь яриа дурсамж дээр тулгуурлан Мазимын Экейн гэх хар зургийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт таталж үлдээсэн нь одоо юугаар ч солишгүй гарын авлага, хэрэглэгдэхүүн болж байна.

Экей Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг Бага солом гэдэг газар 1911 оны төмөр гахай жил төрсөн бололтой. Түүний эцэг Мазимын тухай ямар ч мэдээ олдсонгүй. Бодвол малчин, анчин хүн байсан болов уу гэж төсөөлөгдөнө. Гэвч зарим нэг зүйл санаснаас тэс ондоо байдаг талтай тул үгүй ч байж мэднэ. Бас Экейн төрсөн эх, түүний гэр бүлийн талаарх бичиж, тэмдэглэсэн зүйл юу ч байхгүй байна. Ямартай ч Экей айлын хоёр дахь хүүхэд байжээ. Тийн 1911-1926 оныг хүртэл Экей хэрхэн яаж, өсч өндийсөн нь мөн л цаг хугацааны цасан шуурганд төөрч, шар устай хамт урсаад алга болчихсон юм шиг ор сураггүй болжээ. Харин 1926 онд Экей гэнэт хаанаас юм бэ гараад ирсэн байна. Үүнээс нэг жилийн өмнө буюу 1925 онд Зөвлөлт Холбоот Улсаас 30 гаруй мал эмнэлгийн мэргэжилтнүүд ирж, Монгол Улсыг хөдөө аж ахуйн орон болгох суурийг тавьж, мал эмнэлгүүдийг байгуулан, ноос угаах газруудыг олноор нь ажиллуулж эхэлсэн байдаг. Энэ ажил Баян-Өлгий аймагт ч мөн өрнөж, олон залуус Орос мэргэжилтнүүдийн удирдлага дор ажиллахад Экей тэнд ноос угааж байжээ. Залуу хүү мал эмнэлгийн газар хоёр жил орчим ажиллаад 17 настайдаа Толбо сумын анхны бага сургуульд орж бичиг үсэг сурсан гэж 2012 онд хэвлэгдсэн Монгол Улсын Баатрууд номонд бичсэн байна. Ингэхээр Мазимын хоёр дахь хүү 1928-1930 оны хооронд Тэнхимд сурч, бичиг үсэг тайлагджээ. Бага сургуулийг тэр цагт тэнхим гэдэг байсныг манай ахмад үеийнхэн андахгүй.  

Экей 1930 онд тэнхимээ төгссөний дараа Толбо сумынхаа бага сургуульд бичиг үсгийн багшаар ажиллахын зэрэгцээ хоршооны галч хийв. Чингээд даруй нэг жил өнгөрөхөд 1931 оны төмөр хонь жил Экей идэр залуу 20 насандаа цэргийн албанд морджээ. Тэр Улаанбаатар хотод орших Хужирбулангийн цэргийн ангид алба хааж, жанжин Сүхбаатарын нэрэмжит Цэргийн Ерөнхий Сургуульд суралцаж байхдаа 1932 оны дотоодын зэвсэгт бослогыг дарахад онцгой гавьяа байгуулсан байна. Хөвсгөл аймгаас эх авч, баруун таван аймгийг багагүй түйвээсэн лам нарын энэ бослогыг номхотгоход гарамгай гавьяа байгуулсных нь төлөө түүнийг Бүх Цэргийн жанжин Дэмид сэлмээр шагнажээ. Экей 1934 онд Цэргийн ерөнхий сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын I морьт дивизийн II хороонд салааны даргын албыг хааж эхлэв. Энэ үедээ тэр Хуучнаар Сайн ноён хан аймгийн Зоригт гүний хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Сономын Должин хэмээх Монгол бүсгүйтэй ханилан суусан байна. 1981 онд хэвлэгдсэн “Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдын дуртгал”  номын 538 дугаар талд байх Должингийн дурсамжийг сөхөж үзэхэд “Анх би түүнтэй цэргийн ерөнхий сургууль төгсөөд Улаан хуарангийн нэг ангид байхад нь Өлзийхутагийн хүүхэн Норжинсүрэнтэй үерхэж тэднийхээр орон, гаран явсаар танилцсан юм аа. Өндөр нуруутай, өргөн хар хөмсөгтэй, баахан алиадуу яриа хөөрөө хурцтай, тэгсэн мөртлөө нөхөрсөг даруу түүний минь төрх надад эхлээд таалагдсан юм”  гэсэн мөрүүд тод байна. Ингэхээр дэслэгч Экей 1934-1939 оны хооронд Улаанбаатар хотын Нэгдүгээр морьт дивизэд албаа үргэлжлүүлэн хааж, шинэ цэргүүдийг бэлтгэж, сургах ажилд шамдаж байжээ. Сономын Должингийн дурсамжийг цааш нэхэж үзвэл “Экей бид хоёр нэг гэрт ханилан сууж, дөрөв, таван жил амьдрахдаа нэг ч удаа ам муруйж байсангүй. Тэр минь харин ч гэртээ энгийн байхад элдэв зугаатай юм ярьж наргиан цэнгэлтэй байдагсан. Одоо бодоход ямар ч их хөдөлмөрч, махруу хүн байгаа вэ? Салааныхаа цэргүүдийн төлөө байнга санаа тавьж, гутал хувцас нь элэгдэж хуучирлаа гэх ч юм уу, аль эсвэл энэ жил ирсэн тэр гэдэг цэрэг гэрээ санаад яадаг билээ гэж ярина” гэжээ. Энэ бүгдээс үзэхэд дэслэгч Экей үнэхээр зөөлөн сэтгэлтэй, цэрэг дайчиддаа халамжтай байсан нь тодорхой. Харин Экей гэргий Должинтойгоо тун ч найрсуу, эвтэй сайхан сууж, богинохон ч гэсэн утга учиртай, гэрэл гэгээтэй амьдарсан ч үр хүүхэдтэй болоогүй юм шиг байна. Должингийн дурсамж дээр хүүхдийн тухай нэг ч өгүүлбэр байсангүй.

Монгол Улсын Баатар Мазимын Экейн цорын ганц ам зураг /1911-1939/

1936 оноос Японы харгис цэрэг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зүүн хязгаарт тулж ирчихээд, хил зөрчиж, өдөөн хатгалага хийж, манай хилчидтэй өдөр болгон тулгарч, буудалцах болсон тул улсын гүнд байрлаж байсан бүхий л цэргийн анги нэгтгэлүүд байлдааны сургуулилтыг шаргуу хийж, бэлэн байдалд шилжсэн юм. Улаанбаатар хотын нэгдүгээр морьт дивиз хэрэв дайтах шаардлага гарах юм бол фронтын шугам руу хамгийн түрүүнд сум галт хэрэгсэл, зэвсэг техник, цэрэг дайчдыг илгээх, хүч сэлбэх ёстой хамгийн чухал анги нэгтгэл учраас Экей гэрийн бараа харах нь цөөрлөө. Тэр анги дээрээ хонож, цэрэг дайчдаа өдөр, шөнөгүй бэлтгэн, заримдаа гэртээ амарч, унтаж байгаад шөнө хагаслан босч, анги руугаа явдаг болжээ. Тэгж явахдаа тэр гэргий Должиндоо “Юмыг яаж мэдэх вэ цэргийн хүмүүс бид байлдаанд бэлэн байх ёстой” гэдэг байв. Должин Экейгээс гурван насаар эгч билээ.

Ингэсээр нэгдүгээр морьт дивизийн дарга нар бүгд гэрийн бараа харахаа больж, Экей хаяа нэг ирээд явахдаа “Бид дайн болж байгаа газар руу явж магадгүй” гэж хэлдэг байлаа. Тэр болгонд Должингийн сэтгэл доргиж, санаа нь сэмэрдэг байжээ. Нэгэн өдөр Экей гэртээ ирээд цайлж сууснаа “Би фронтод явахаар саналаа өгөөд байгаа шүү дээ, Должин минь” гэж хэлэхэд эрэмгий казак залуутай хувь заяагаа холбосон Монгол бүсгүйн бодол үймжээ. Дуугүй суусан Должин жаахан тайвширсны дараа “Тэгээд хэзээ явах юм бэ” гэсэнд цаадах нь “Одоохондоо яв ч гэсэн хүн алга л даа. Ингэсээр байтал дайн дуусчих ч юм билүү дээ” гэсээр хүр, хүр инээв. Бүтэн сайн өдрийн өглөө Экей анги руугаа гарч яваад төдөлгүй эргэж ирэхдээ “Бид явах боллоо” гэж хэлсэн байна. Гэртээ өвчтэй хэвтэж байсан Должин “Хаашаа явах юм бэ хө” гэтэл Экей “Бүү мэд ээ хө. Олон цөөн хоногоор ч гэсэн нэг л тийшээ явах юм шиг байна” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Должин эр нөхрөө гаргаж өгөхөөр хувцаслах гэтэл Экей “Миний хань гэртээ амарч биеэ бод. Би удахгүй ирнэ” гэж хэлээд тэд хамтдаа цайлжээ. Экей тэгж гарч явсныхаа дараа удалгүй хар хурдаараа гүйж ирэв. Должин учрыг асуутал сэлмээ мартжээ. Дэслэгч Мазимын Экей 1939 оны зургаадугаар сарын эхээр Тамсагбулагийн 6 дугаар морьт дивизэд очиж, салаа даргалан тулалдаж эхэлсэн юм. Энэ үед тэдний дивизийг Монгол Улсын Гарамгай баатар Лодонгийн Дандар командалж байсан хийгээд түүнээс өмнөхөн хошууч Шаарийбуу тулалдааны талбарт алагдсан байлаа. “Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдын дуртгал” номын 30 дугаар талд улсын баатар Дандар Экейг маш тодорхой дурсан бичжээ. Түүнийг үзвэл “Сумангийн байлдагчид нь даргыгаа Манай догшин бүргэд гэж эр зоригийг нь бахдан ярих бөлгөө. Экей 1939 оны долоодугаар сарын 3-нд шилжих шөнөөс, тавны өдрийг хүртэл өрнөсөн хатуу ширүүн Баянцагааны тулалдаанд өөрийгөө хэн болохыг үзүүлж, байлдагчдынхаа хайрыг татжээ. Сар шахмын хугацаанд олон удаагийн ширүүн тулалдаанд мөр зэрэгцэн орж, тушаал зааврыг нь биелүүлж явсан цэргүүд нь хэдийгээр түүнтэй нас чацуу боловч эцэг шигээ хүндэлж, хайрлан “Манай дарга арваад самурайн дунд ганцаараа орчихсон сэнс шиг эргэж бүгдийг нь хэвтүүлчихсэн юм” гэж ярихад өөр нэгэн цэрэг тосон авч “Тэр юу ч биш. Манай дарга дайсныг бургас шиг цавчаад, сэлмийнхээ ирийг мохохоор торгон үзүүрээр нь сүлбэж дээш нь олин хаяж байхыг нь би үзсэн гэж ярина” хэмээжээ. Эдгээрээс Мазимын Экей гэж ямархан баатарлаг, дайчин эр байсныг нь илэрхий мэдэж болмоор санагдана.

1939 оны долоодугаар сарын 24-ний өдөр Гөлөгт манханд болсон догшин ширүүн тулалдаанд 17 дугаар хорооны 4 дүгээр сумангийн дарга, дэслэгч Мазимын Экей цэрэг дайчдаа командлан хамгийн түрүүнд тулаанд орж, дайсны бэхлэлтийн эхний шугамыг давж, хоёрдугаар шугамыг эвдэж явахдаа амь үрэгдсэн тухай ном зохиолуудад олонтаа бичжээ. Тэднээс Монгол Улсын Гарамгай Баатар Лодонгийн Дандарын дурдатгал дотор Мазимын Экейн сүүлчийн тулалдааны тухай нүдэнд харагдаж, гарт баригдтал машид тодорхой бичиж үлдээсэн нь аргагүй онцгой. Алаг морьт баатар Лодонгийн Дандар Гөлөгт манханы тулалдааныг эргэн дурсахдаа “Агаарт улаан пуужин хөөрлөө. Сүрлэг уухай тэнгэрт хадаж давшилт эхэллээ. Экей давшилтын хамгийн түрүүнд сумангаа командлан уулгалан орлоо. Сандарч үймсэн дайснууд эхлээд замбараагүй гал нээж, яах учраа олохгүй тэвдлээ. Гэвч тэд төдөлгүй бүх хүчээ эмхэлж нарийн зохион байгуулалттай гал нээлээ. Дайсны их бууны сум энд тэндгүй дэлбэрч, пулемётын дуу тасралтгүй тачигнана. Эзнээсээ салсан морьд хангинатал янцгаан ийш, тийшээ давхилдаж, манаран бургих утаа манан дундаас дарга нарын тушаал өгөх товчхон үгс сонсогдож байлаа. Экей сумангаа удирдан “Байлдагчид аа! Ганц ч алхам ухарч болохгүй. Дайсны эхний эгнээнд тулж очиход бага зай үлдлээ. Урагшаа” гэж хашгирав. Манайхан дайсны түрүүчийн эгнээнд тулж очоод гардан тулалдаанд орлоо. Дайсны орилох, ёолох, гинших дуу энд тэндгүй сонсогдож, ирт мэсүүд гялалзан зөрж, манхны цайвар цагаан элсэн дээр шунхан улаан цус тунаран тэр дороо шингэж, бараан толбо болон үлдэнэ. Экей чанх урдаас нь ирсэн гар буутай японыг амжиж цавчаад, нуувчинд үсрэн орж бас нэгийг устгав. Экей илдэндээ наалдсан цусыг саяхан цавчиж унагасан дайсны хувцсанд хоромхон зуур шувтран арчаад, өөр нэг самурайтай халз тулав. Түүнийг урагшлах тусам дайсны хүүр олширно. Сумангийн даргынхаа үе үе хашгиран тушаах цогтой дууг сонссон цэргүүд нь дайсныг хиар цохино. Дайсны эхний гинжин нуувчууд эзлэгдлээ. Экей давшилтаа цааш үргэлжлүүлэн өмнөө байсан самурай нарыг ээлж дараалан устгасаар байтал дайсны их буунууд тулалдааны талбар руу хүний, өөрийнгүй галлаж эхэллээ. Хориглолтын эхний шугамаа алдсан японууд улам ширүүн, шигүү галлаж эхлэв. Экей сумангаа командлан давшсаар байтал яг тэдний дээрээс дайсны их бууны сум унаж Экей үсрээд явчихлаа. Дарь, шороо, утаан дундаас босч ирсэн түүний баруун гар сэлмээ бат атгасан хэвээр тас үсэрч, шинелийнхээ салбархай дээр санжигнана. Тэр цус алдаж байлаа. Экей зүүн гараараа гар буугаа сугалж даруй хэдэн дайсныг бараг тулгаж буудаад урагшилж байтал нэгэн цэрэг гүйж ирэн даргынхаа шархыг боож өгөв. Экей цааш давшиж байтал сум нь дууслаа. Энэ мөчид нуувчнаас нэгэн самурай үсэрч гарч ирэн хар чадлаараа жадлах гэтэл Экей дайсны буундаа бэхэлсэн жадыг суга татаж аван түүнийг устгалаа. Жад барьсан Экей урт ган илдтэй өөр нэгэн офицертой халз тулж хэдий царай нь цэлдэн хөхөрч цайгаад, хөл дээрээ тогтож ядан байсан ч гэсэн заналт дайсныг сүлбэж орхитол нуувчинд хариугүй үхэж байсан нэг нүдний шилтэй япон гар буугаар буудав. Экейн цээжнээс хүрэн улаан цус олгойдож, дайсны цээжинд сүлбэсэн жадаа сугалж чадалгүй газар унав”.

Тамсагбулагийн 6 дугаар морьт дивизийн командлагч, Монгол Улсын Гарамгай баатар Лодонгийн Дандар итгэлт нөхөр Мазимын Экейн сүүлчийн мөчийн тухай ингэж өгүүлсэн байна. Дэслэгч Экей цуст тулалдааны талбарт амь үрэгдсэн нь үнэн. Гэхдээ Экейн тухай Улсын баатар Дандарын энэхүү дурсамжаас өөр зүйл бас байна. Нижгээд хугацааны өмнө нэрт зохиолч Авидийн Шартолгой яг энэ сэдвээр зохиол, бүтээл туурвихаар сонирхон судалж, 4 дүгээр суманд цэргийн алба хааж, Халхын голын дайнд оролцож байсан ахмад дайчинтай ярилцжээ. Харамсалтай нь түүнээс хойш олон жил өнгөрсөн болохоор зохиолч Шартолгой одоо тэр ахмад дайчны нэрийг санахгүй байгаа юм. Ахмад дайчны өгүүлснээр:   дайсны алсын тусгалтай их буу манай цэрэг, дайчдад ихээхэн хохирол учруулж, өндийлгөхгүй байжээ. Гэтэл хамгийн гачлантай нь японы их буунууд яг хаанаас буудаад байгаа нь тодорхойгүй, далдаас нисч ирсэн сумнууд Монгол, Зөвлөлтийн цэргийг сэхээ авахуулахгүйгээр барахгүй, тийм байдалтай жаахан л удах юм бол бүгд бут ниргүүлэх аюул тулгараад байсан гэнэ. Тэр эгзэгтэй, хэцүү, хатуу эгшинд гэнэт дээд газраас нууц тушаал авсан улсын баатар Дандар 4 дүгээр суманг давшилтад оруулахаас өөр аргагүй болж. Нэг ёсондоо Экейн суман дайсны галын байршлыг тогтоох торгуулийн суман болж хувирсан байна. Тушаал авсан дэслэгч Экей цэрэг дайчдаа тэр дор нь командалж, дайсны сум шуугин ирэх зүг рүү уулгалан оров. Сумангийн дарга давшилтын түрүүнд гарч, түүний араас цэрэг  дайчид нь Монгол морины ган дөрвөн туурайнаас оч үсэргэн дайрч байтал гэнэт тэдний улаан зам дээр их бууны сум тусчээ. Экей морьтойгоо хамт агаарт шидэгдэж, сэнсрээд босч иртэл түүний унаж явсан бараан морины толгой тэр хол тасарчихсан хэвтэж байж. Цэргүүд нь зог тусахад Экей “Дайраад, дайраад” гэж хашгираад ганцаараа сөхөрч суун үлдэв. Тэгтэл яг даргынхаа ард явсан нэгэн цэрэг мориныхоо амыг тархиар нь татаж эргүүлээд үсэрч буун, гүйж очтол Экей халуун ширмэнд хүү татуулсан гэдсээ шороотой хольж, цээж рүүгээ чихэж байсныг үзсэн цэрэг юу ч хийж чадаагүй байна. Чухамдаа тэр цэрэг зохиолч Авидын Шартолгойтой ярилцсан, өнөөх нэр нь мартагдсан ахмад дайчин юм. Гэтэл энэ явдлыг батлах мэт өөр нэгэн зүйлийг Улсын баатар Дандар нэрт найруулагч, армийн хошууч Болдод ярьж өгснийг саяхан олж мэдлээ. Дандар баатар хэлэхдээ “Ялалт гэдэг ямар их үнэ цэнээр олдсоныг л мэдэж яваарай. Экей маань л гэхэд дайсны өмнөөс давшиж байгаад гэдсээ хүү татуулчихсан юм шүү дээ” гэж хэлээд уйлж байсныг гэрчлэх хүн бий. Энэ хоёр баримт таарч байна. Тэгэхээр Экей их бууны галын өмнөөс морин цэргээр давшиж яваад амь үрэгджээ. Чингэтэл бас нэг асуулт гарч ирнэ. Тэр нь чухам яг юу вэ гэвэл Дандар баатар яагаад “Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдын дуртгал номонд” зөрүүтэй зүйл бичиж үлдээв. Мэдээж энэ ном 1981 онд намын төв хороо, улс төрийн товчоо, үзэл суртлын хэлтсийн хатуу хяналт дор Улаанбаатар хотын Улсын хэвлэх газарт хэвлэгдсэн. Тийм учраас манай коммунистууд Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарт албан хүчээр худлаа түүх зохиож бичихийг тулган шаардсан байхаас зайлахгүй. Үгүй бол Дандар баатар яах гэж хошууч Болдод тийм зүйл ярих вэ. Мөн түүнчлэн Төрийн шагналт зохиолч Эрдэнэбатын Оюун тэр жил хэсэг цэргийнхэнтэй Халхын голд очиход Дандар баатар дайнаас үлдсэн нуувчинд орж, тэндэхийн элс, шороог атгаад цурхиртал уйлж, Экей, Олзвой хоёрыг дуудсан тухайгаа ирээд ярьж байсан гэдэг. Олзвой, Экей хоёр бол Гарамгай баатар Дандарын торгон цэргүүд байлаа. 

Мазимын Экей эх орныхоо төлөө эцсээ хүртэл тулалдаад баатарлагаар амь үрэгдлээ гэсэн мэдээг сонссон Должин итгэхгүй байжээ. Гэвч дайны дараа Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Дорж гэдэг морин жолооч нь ирж, Экейг үнэхээр амь үрэгдсэн гэдгийг дуулгасан байна. Ийм гашуудалт мэдээ авсан хөөрхий бүсгүй хамаг гэр орон, эд хогшлоо тэр хэвээр нь орхиод төрсөн нутаг Архангай аймагтаа очиж мал маллан амьдарч байгаад дараа нь нийслэл хотод эргэж төвхнөөд удсангүй. Улаанбаатар хотын төмөр замын ажилчны соёлын ордонд оёдолчин, мөн газрын техникийн ордонд цэвэрлэгчээр ажиллаж байгаад таалал төгсчээ. Бид өнгөрсөнд ч, одоо ч эх орныхоо төлөө тулалдсаар алтан амиа өргөсөн тоотой хэдхэн баатрынхаа ар гэр, эхнэр хүүхдүүдийг ийм л янзтай харж, халамжилж байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бага хурлын 1939 оны есдүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор Тамсагбулагийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар хорооны 4 дүгээр сумангийн дарга, дэслэгч Мазимын Экейн гавьяаг үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Үүний дараа он жилүүд өнгөрсөөр Халхын голын дайны ялалтын 40 жилийн ой тохиоход Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1979 оны наймдугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, Монгол Ардын Хувьсгалт Цэргийн эр зоригт дарга Мазимын Экейн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнажээ. Гэлээ ч одоо бид түүнийг Халхын  голын хаана нь үүрд нойрсож байгааг мэдэхгүй. Магадгүй хэзээ ч олж мэдэхгүй биз.

 

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Догшин бүргэдийн дууль буюу Монгол Улсын баатар Мазимын Экей   
Үзсэн: 6219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Мөнх оргил [127.0.0.xxx] 2024-03-04 21:53
Мазин Экей маш гавятай мэт санагдлаа
Зочин [127.0.0.xxx] 2020-02-21 15:25
Бид мартахгүй

Бидэнтэй нэгдээрэй