Шууд Chart

Япон батлан хамгаалах салбартаа 42.1 тэрбумыг төсөвлөв

2015-12-25 10:05:40

Японы Засгийн газар цэрэг, батлан хамгаалахын салбартаа хамгийн өндөр дүнтэй буюу 42.1 тэрбум америк долларын төсөв баталлаа. Мөн 2016 оны улсын нийт төсөв нь 800 тэрбум америк доллар байхаар Засгийн газар нь баталж байна. Гэхдээ одоо эдгээр өндөр дүнтэй төсвийг парламентаар хэлэлцэж батлах ёстой.
Токиогийн хувьд бүс нутаг дахь Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөний эсрэг Вашингтонтой холбоотны харилцаагаа улам бэхжүүлэхийг зорьж, үүний хүрээнд АНУ-аас судалгааны дронн, Эф-25 тийрэлтэт онгоц худалдан авахаар төлөвлөж байна. Дээрх төсвийн дүнг харахад Японы Засгийн газар 2016 оны батлан хамгаалахын төсвөө 2015 оныхоос 1.5 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөл оруулж ирлээ. Ерөнхий сайд Шинзо Абэгийн удирдаж байгаа Засгийн газар сүүлийн 4 жил дараалан батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлж байна. Ер нь Шинзо Абэ Япон улсын цэрэг батлан хамгаалах салбарын бодлогод өөрчлөлт оруулж, энэ салбарын төсвийг нэмэх бодлого баримталж байгаа юм. Энэ онд Япон улс аюулгүй байдлын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, Японы өөрийгөө хамгаалах хүчний үүрэг оролцоог нэмэгдүүлэн, АНУ-тай хоёр талын цэрэг батлан хамгаалахын баримт бичгүүдэд өөрчлөлт оруулсан. Үүний зэрэгцээ Японы Засгийн газар Хятад улстай газар нутгийн маргаантай байдаг өмнөд Арлуудын тандалт судалгаа, батлан хамгаалах үйл ажиллагааг нэмэгдүүлж байна. Ирэх оны төсөвт пуужингаас хамгаалах системтэй, дэвшилтэт сөнөөгч онгоц, шумбагч онгоц зэргийг худалдан авахаар тусгаж өгсөн байна. Японы парламент Засгийн газрынхаа батлан хамгаалах салбарын төсвийг бууруулахгүй, оруулж ирсэн дүнгээр нь батлах байх гэж ажиглагчид харж байна.

 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Япон батлан хамгаалах салбартаа 42.1 тэрбумыг төсөвлөв  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй