Шууд Chart

Энэтхэг ОХУ эрчим хүч, Батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа тэлнэ

2015-12-25 10:25:51

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-д анхны дээд хэмжээний айлчлалаа хийж байна. Тэрээр өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцээ хийсэн. Өнөөдөр түүний айлчлалын хоёр дахь өдөр. Энэ өдөр Орос, Энэтхэгийн засгийн газар эрчим хүч, батлан хамгаалах салбарт хамтрах тухай хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулж байна.
Хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум америк долларт хүрсэн. ОХУ нь Энэтхэгийн батлан хамгаалах салбарын хоёр дахь том нийлүүлэгч нь юм. Орос, Энэтхэг хоёр Хүйтэн дайны үед ойрын холбоотнууд байсан ч сүүлийн жилүүдэд харилцаанд төвөгтэй асуудлууд тулгарч байгаа. Тухайлбал, энэ оны эхээр ОХУ Пакистанд байлдааны нисдэг тэрэг худалдаалсанд Энэтхэгийн тал дургүйцсэн юм. Харин Энэтхэг Францын Рафаль, Америкийн Апачи байлдааны онгоцыг сонгосонд Орос дурамжхан хандсан. 2000 оноос хойш Москва, Шинэ Дэлигийн хооронд дээд түвшний яриа хэлэлцээ тогтмол зохион байгуулж ирсэн. Илүү нээлттэй уян хатан бодлого баримталдаг Нарендра Моди Орос улсад хийж байгаа айлчлал нь Энэтхэг Оросын хооронд эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдлын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой гэж тодорхойлж байна. Мөн Энэтхэгийн тал шинжлэх ухаан, технологи, уул уурхайн салбарт Оростой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхлоо давхар илэрхийллээ. Үүний зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, ирэх 10 жилд худалдааны эргэлтээ 3 дахин нэмэгдүүлж, 30 тэрбумд хүргэх зорилт тавьж байна. Мөн ОХУ Энэтхэгт цөмийн 12 реактор барихад дэмжлэг үзүүлж байгаа энэ хамтын ажиллагааг цаашид нэмэгдүүлэхээр талууд зорьж байна.

 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Энэтхэг ОХУ эрчим хүч, Батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа тэлнэ  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй