Шууд Chart

Рок хөгжмийн домог Дэвид Бови таалал төгсчээ

2016-01-12 17:48:21

Дэлхийн рок хөгжмийн домог, Их Британийн алдарт дуучин Дэвид Бови өнгөрсөн ням гарагт өвчний улмаас 69 насандаа таалал төгсчээ. Энэ мэдээ дэлхийн урлагийн ертөнц, ялангуяа рок хөгжмийн ертөнцийн сая, сая шүтэн бишрэгчийн  хувьд уй гашуу дагуулсан мэдээ байлаа.

Даваа гарагт Дэвид Бовигийн олон зуун шүтэн бишрэгч Их Британийн билэг тэмдэг болсон алдарт дуучны дурсгалыг хүндэтгэн, түүнд хүндэтгэл үзүүлэхээр Лос Анжелес хотын Холливуудын хотхон дахь түүний алдрын одны дэргэд цугларчээ. Мөн Америкийн Нью-Йорк хот дахь түүний гэрийн гадаа шүтэн бишрэгчид нь цугларч, алдарт дуучны дурсгалыг хүндэтгэн, цэцгийн баглаа өргөн, лаа асаасан байна. Түүний дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа Лондон дахь түүний төрсөн газар болон дэлхийн өнцөг булан бүрт өрнөж байна. Мадонна, Роллин Стоун, Пол Маккартни, Брайн Мэй зэрэг урлагийн ертөнцийн одод Дэвид Бовиг урлагийн ертөнцөд бүдгэрэшгүй тод төлөөлөл байсан хэмээн эмгэнэлийн үгээ илэрхийлцгээжээ.

Алдарт дуучин Дэвид Бови хорт хавдар өвчинтэй сүүлийн хоёр жил орчим тэмцэж байсан гэж түүний менежер нь мэдэгдсэн байна. Дэвид Бовиг өөрийн эрин үеийнхээ хамгийн нөлөө бүхий дуучин, рок хөгжмийн салбарт өөрийн мөрөө тодоор бичсэн, хамгийн алдартай од гэж Британийн ард түмэн төдийгүй дэлхийн хөгжмийн ертөнцийнхөн тодорхойлдог юм. Хэдийгээр алдарт дуучин Дэвид Бови хорт хавдар өвчнөөр шаналж байсан ч таалал төгсөхөөсөө хоёр хоногийн өмнө буюу төрсөн өдрөөрөө сүүлийн цомгоо гаргажээ.

Блакстар нэртэй түүний сүүлчийн цомог дэлхий дахины шүтэн бишрэгчиддээ барьсан шинэ оны бэлэг байсан юм гэж дотны найз нь сэтгэгдлээ илэрхийлжээ. Блакстар цомог олон нийтээс багагүй шүүмжлэл хүртсэн ч гэсэн Их Британийн дууны чартуудыг тэргүүлж, 43 мянга гаруй хувь борлогдсон байна. Түүний карьерын түүхэээс сөхвөл, тэрээр 1967 онд анхны цомгоо гаргаснаас хойш 140 сая хувь цомог борлуулж, жилд хоёроос илүү дуу гаргаж, нэлээд хэдэн кинонд гол дүр бүтээсэн бөгөөд хөгжмийн 51 видео клип, 25 видео цомог гаргасны дунд хамгийн сүүлд таалал төгсөхөөсөө  хоёр хоногийн өмнө Блакстар цомгоо гаргасан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Рок хөгжмийн домог Дэвид Бови таалал төгсчээ  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй