Шууд Chart

"Рено-Ниссан" автомат жолоодлоготой автомашин үйлдвэрлэнэ

2016-01-13 11:49:40

Автомашин үйлдвэрлэгч компаниуд автомат жолоодлоготой автомашин зохион бүтээхээр өрсөлдөж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл хамгийн сүүлд Францын автомашин үйлдвэрлэгч Рено болон Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компаниудын хамтарсан нэгдэл энэ өрсөлдөөнд нэгджээ.

"Рено-Ниссан"-ы хамтарсан нэгдэл түр хугацаанд бүрэн автомат жолоодлогод шилждэг 10 загварын автомашинуудаа танилцуулахаар төлөвлөж байгаа юм. Тэдгээр загвар нь хурдны зам болон хотын гудамж дахь замуудад жолоодлогыг түр хугацаагаар, тодруулбал, 25 минутын турш бүрэн автомат горимд шилжүүлэх боломжтой гэнэ. Хэрэв бүх ажил төлөвлөсөн ёсоор хэрэгжвэл "Рено-Ниссан"-ы хамтарсан нэгдэл энэ оны сүүлээр өөрөө удирдлагатай автомашинуудаа танилцуулж, автозам дээр турших юм.

Одоогоор нэг эгнээтэй замд жолоодлогыг өөрөө хянах чадвартай байгаа тус нэгдлийн бүтээсэн загварууд 2018 он гэхэд хэд хэдэн эгнээтэй замд автоматаар байршлаа эзлэх, 2020 он гэхэд хот дахь ямар ч төрлийн замаар чөлөөтэй зорчих чадвартай болох аж. Автомат жолоодлоготой автомашин хэрэглээнд нэвтэрсэн нөхцөлд зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах эсэхэд эргэлзэх хүн олон байгаа. Тэдгээр хүнд хандан "Рено-Ниссан"-ы нэгдлийн удирдлага дараах тайлбарыг өгч байна.

Автомат жолоодлоготой автомашиныг сонгох шалтгаан маш энгийн. АНУ-аар жишээлэхэд, тус улсад бүртгэгддэг авто ослын 93 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй байдаг гэсэн тооцоо бий. "Рено-Ниссан" эхний ээлжинд АНУ, дараа нь Европ, Хятадын зах зээлд автомат жолоодлоготой автомашинаа нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ тус нэгдлийн автомашинууд өөр томоохон өрсөлдөгчидтэй болсон. Тухайлбал, хурдны замд автомат жолоодлогын горимд шилжих, мөн автоматаар зогсоолд байршлаа эзлэх зэрэг чадвартай автомашинуудыг Тесла Моторс компани хэдэн жилийн өмнөөс хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Рено-Ниссан" автомат жолоодлоготой автомашин үйлдвэрлэнэ  
Үзсэн: 2468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй