Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч жил тутмын илгээлтээ сонордууллаа

2016-01-13 13:20:39

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс орныхоо төлөв байдлын талаарх жил тутмын уламжлалт илгээлтээ Конгрессийн нэгдсэн хуралдаанд сонордууллаа. Энэ нь  Обамагийн найм дахь удаагийн илгээлт гэдгээс гадна түүний Ерөнхийлөгчийн алба хаших бүрэн эрхийн хугацаан дахь сүүлчийн илгээлт гэдгээрээ анхаарал татаж байсан юм.

Ерөнхийлөгч Обама энэ удаагийн илгээлтдээ уламжлалт хэв маягийг эвдэх төлөвтэй байна гэж түүний илтгэлийн өмнө гарсан Цагаан ордны мэдээллээс ажиглагчид дүгнэж байсан юм. Харин Обама илгээлтдээ шинэ бодлого төлөвлөгөө танилцуулах гэхээсээ илүү өөрийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярьсан байна. Энэ хүрээнд тэрээр эрүүл мэндийн салбарт хийсэн шинэчлэл, Кубатай харилцаагаа сайжруулсан зэргийг өөрийн засаг захиргааны гаргасан ололттой тал хэмээн дурджээ.

Үүнээс гадна Обама засаг захиргааныхаа энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа санаачилгуудыг ердийн байдлаар тоочиж нэрлэхийн оронд АНУ-ын өмнө тулгарч байгаа урт хугацааны сорилтуудын талаар ярьсан байна. Энэ дунд орлогын тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, АНУ-ын үндэсний аюулгүй байдал зэрэг асуудлыг онцлон хөнджээ. Мөн тэрээр сонгогчиддоо болон Конгрессийн гишүүдэд хандан улс төрийн хагаралдаантай байр сууриа орхиж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгдэхийг уриаллаа.

Обама илгээлтийнхээ үеэр улс нь дэлхий дахин дахь хамгийн хүчирхэг, тогтвортой эдийн засаг гэж мэдэгдсэн байна. Дашрамд сануулахад, Обама мөн илгээлтийнхээ өмнө гаргасан товч видео танилцуулгадаа, долоон жилийн өмнө санхүү-эдийн засгийн гүнзгий хямралын нөхцөлд засгийн эрхэнд гарсан мөчөөсөө хойш нэг ч удаа одоогийнх шигээ алс хэт ирээдүйн талаар ийм өөдрөг төсөөлөлтэй байсангүй гэж мэдэгдээд байсан юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын Ерөнхийлөгч жил тутмын илгээлтээ сонордууллаа  
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй