Шууд Chart

Японы Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгчид хувийн захидал илгээжээ

2016-01-14 12:13:48

Япон улсын Гадаад хэргийн сайд асан Масахико Комура Москва хотноо айлчилж, Ерөнхий сайдынхаа хувийн захидлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уламжилсан байна. Тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзалт хийж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Путинд илгээсэн захидлын агуулгыг хоёр тал задруулсангүй. Оросын Гадаад хэргийн сайд ОХУ Япон улстай бүх салбарт хамтран ажиллахад нээлттэй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Гэхдээ хоёр орны хооронд олон жил сунжирсан Курилын арлын асуудлыг хөндсөнгүй. Оросын тал Курилын арал гэж нэрлэдэг, Япончууд Хойд газар нутаг гэж нэрлэдэг арлуудын маргаан нь Орос, Японы хооронд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны энхийн гэрээг батлах үйл явцыг хойш татаж байгаа юм. 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх тавдугаар сард "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа. Тэрээр энэ айлчлалын хүрээнд ОХУ-ыг "Их-8"-ын бүлэгт нь эргүүлж оруулах асуудлыг тавихаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Япон улсад хийх айлчлалын товыг тогтоох байх гэсэн таамаг ч байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Японы Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгчид хувийн захидал илгээжээ  
Үзсэн: 1729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй