
Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын холбооны улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьсан байна. Энэ үеэр хоёр орны удирдагч Украины хямрал болон Сирийн иргэний дайныг эцэслэх дипломат арга шийдлийг хайхад олон улс хамтран ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.
Цагаан ордны мэдээлснээр Ерөнхийлөгч Обама Украины хямралыг шийдвэрлэх гол арга зам бол Донбаст орон нутгийн сонгууль зохион байгуулах тухайд бүх тал нэгдсэн саналд хүрэх явдал гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Путинд илэрхийлсэн байна. Харин ингэхийн тулд тус бүс нутагт болох сонгууль Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын стандартад нийцсэн байх ёстой гэдгийг Обама онцолжээ.
Орос, Украин, Донецкийн төлөөлөгчид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ивээл дор Беларусийн Минск хотод уулзан, Донбасын бүс нутагт гал зогсоох тухай хэлэлцээр байгуулсан боловч тус бүс нутагт хурцадмал байдал намжихгүй хэвээр байгаа юм. Үүнээс гадна Сирийн хямралыг эцэслэн, шаардлагатай хүмүүнлэгийн тусламжаар тус улсын ард түмнийг нэн даруй хангах асуудлаар Обама, Путин нар санал солилцсон байна. Энэ хүрээнд талууд Сирийн Засгийн газар болон босогчдын төлөөллийг оролцуулсан яриа хэлэлцээг НҮБ-ын зуучлал дор зохион байгуулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.
Харин Умард Солонгос өнгөрсөн долоо хоногт дахин цөмийн туршилт хийсэн тухайд олон улс эв санаагаа нэгтгэн, шийдэмгий хариу арга хэмжээ авах хэрэгтэй гэх байр сууриа Обама, Путин нар илэрхийллээ. Хоёр орны Ерөнхийлөгчдийн утасны ярианы тухай Цагаан ордон ийнхүү мэдээлсэн бол Кремлийн гаргасан мэдэгдэлд Обама, Путин нар мөн Иран, Саудын Араб орнуудын хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаах талаар хэлэлцсэн гэж уламжилсан байна. Үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы сонинд өгсөн ярилцлагадаа алан хядагчидтай тэмцэх болон бусад чухал асуудлаар өрнөдийн орнуудтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд байсан юм.
Обама Путин руу утас цохив | ||
Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.