Шууд Chart

Брент Маркийн газрын тосны үнэ 30 ам.доллараас буужээ

2016-01-15 11:11:47

Лхагва гарагт олон улсын зах зээл дээр Брент маркийн газрын тосны үнэ дахин унаж, хэсэгхэн хугацаанд нэг баррель нь 30 америк доллараас бага үнэтэй арилжаалагдсан байна. Олон улсын зах зээл дээр брент маркийн газрын тосны үнэ түр хугацаанд 29 доллар 96 центэд хүрсэн ч удалгүй энэ үнэ эргэн сэргэж, 30 доллар 22 центийн ханштай болжээ. Брент маркийн газрын тосны үнэ 2004 оны дөрөвдүгээр сараас хойш 30 америк доллараас бууж байсан удаагүй юм.

Газрын тосны үнэ сүүлийн нэг жил гаруйн хугацаанд 70-аад хувиар унасныг олон улсын ажиглагчид онцолж байна. Хэрэв газрын тосны үнэ энэ мэтчилэн тогтворгүй хэвээр байсан нөхцөлд ОХУ 2016 оны төсөвтөө нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарч магадгүй гэдгийг Ерөнхий сайд Дмитрий Медведев анхааруулаад байгаа юм. Тус улсын төсвийн орлогын бараг тал хувь нь газрын тос болон байгалийн хийн татвараас бүрддэг. Оросын эрх баригчид 2016 оны төсвөө өнгөрсөн оны 10 дугаар сард баталсан.

Тус төсөвт газрын тосны үнийг энэ онд 1 баррель нь 50 америк доллар байхаар тооцоолсон юм. Гэхдээ энэ онд газрын тосны үнэ үргэлжлэн унах төлөвтэй байгаа учраас Оросын холбооны төсөвт газрын тосны үнийг 1 баррель нь 40 америк доллар гэж тооцохоор нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ОХУ-ын Сангийн сайд мэдэгдээд байна.

Үүнээс гадна газрын тосны үнэ цаашид хэдэн жил дамнан өсөхгүй байх вий гэж зарим орон болгоомжилж байгаа юм. Одоогоор Орос улсад инфляци 15 хувьтай байгаа. Гэхдээ Оросын төв банк энэ хувь хэмжээ дараа жил гэхэд 4 хувьд хүрч, буурна гэж найдаж байна. ОХУ-ын засаг захиргаа зардлаа энэ онд 10 хувь танах үүрэг авсан. 2015 онд тус улсын эрх баригчид мөн ийм шийдвэр хэрэгжүүлж байжээ. Гэхдээ энэ хэмнэлтийн хүрээнд өндөр настны тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалинг танахгүй юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Брент Маркийн газрын тосны үнэ 30 ам.доллараас буужээ  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй