Шууд Chart

Дэлхийн дайны гэмтнүүдийн үнэн дүрийг шог зураачид илчилжээ

2016-01-28 11:18:26

Шог гэхээр л хүмүүс зургийг нь хараагүй байж инээх гээд байдаг юм. Угтаа бидний дунд байгаа бие биедээ  шууд хэлж арай зүрхэлдэггүй, бас халуухан бүхнийг жаахан “явуулаад” л зурчихдаг хэрэг шүү дээ. Зураг гэснээс ингэн тэмээ буйлуулан хайлдгийг мэдэхээс инээж байгаа амьтныг бид хэзээ ч хараагүй билээ. Харин амьтан болчихоод бусдыг инээлгэж явдаг эрхэм олон байдаг. Испанийн зураач Гойя 19-р зууны сүүлээр “Маш чухал амьтад” хэмээх хошин графикийн хөгжилтэй төрлийг анх бодож олсон нь өнөөдөр ном, хэвлэлийн графикт хамгийн эрэлт ихтэй содон төрлийн нэг болсон юм. Нилээд хэдэн жилийн өмнө худалдаанд гарсан Францын зураач “Маш чухал амьтад”-ын гурамсан хоч хөргийн нэрт мастер Мультер Ричард, Морчоси Моршоси нарын хамтран бүтээсэн улс төрийн лидерүүдийг дагнан нохойн хөргөөр зурсан ээлжит ном жинхэнэ утгаараа бестселлер болж чадсан байдаг.  


 
АНУ-ын Ерөнхийллөгч  асан Жорж Буш

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин

 Мультер Ричард, Морчоси Моршоси “Маш чухал амьтад” гурамсан цуврал бүтээлүүд 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг жинхэнэ “Орос овчарка” болгон зурсныг харсан бүхний элэг хөшчихнө. АНУ-ын Ерөнхийлөгч  асан Жорж Буш хөөрхөн донжтой хав болчихжээ. Өөрөөр хэлбэл, энэ жанр төрөл зуун жилийн дараа ч анхны утгаа алдаагүйгээр үл барам соёлт хүмүүсийн жиших нэг урлаг болтлоо хөгжсөөр ирсэн юм.

Дэлхийд шог зураачид зориулсан хөшөө байдаг юм шүү. Тэр нь бүр Германд нэг хүнд зориулсан хоёр ижил хөшөө байдаг ажээ. Ядуу, тарчиг боловч өөртөө итгэл дүүрэн Цилле гэдэг хошин шогийг эрхэмлэгч  алдарт нэгэн зураач байсан юм. Түүний зураас уран хошин бөгөөд уян тансаг ажээ.  


 
Шог зураач Хенрих Рудолф Циллегийн өөрийгөө зурсан хөрөг
 
Бусдыг “ялимгүй” шоолон дүрсэлсэн түүгээр маш олон хүн зуруулж, хүндэлж байсан ч эрхэм зураачийн нэрийг хэн ч анзаардаггүй байжээ. Учир нь  түүнийг  тухайн үедээ байтугай одоо ч бид хүлээн зөвшөөрөхөөс эргэлздэг шүү дээ. Үс ноосоо больё гэхэд хир  даг болсон гудамжны зураачийг хотын мэрүүд бүү хэл энгийн бид ч хүлээн зөвшөөрөхөд хэцүүхэн биз дээ.

Гэвч ухаалаг Германчууд хожим боловч Циллед болон түүний нөхрийн хөшөөг хамтад нь босгожээ. Бид нар ганц хүнд зориулсан хөшөөнд дасчихжээ. Гэтэл алдарт зураачийг ивээн тэтгэж чадаагүй ч олон зургийг нь зоригжуулан дэмжиж,  амьдралд нь тодорхой нөлөө үзүүлж чадсан эгэл жирийн бас нэгэн ядуу баатрыг бид харж байна.
“Нөхрийг бүү хай. Олдсоноо хайрла” гэдэг гайхамшигтай үг байдаг. Энэ  л үгийн хариу мэт Берлин хотод түүний хөшөө эрхэмсэг сүндэрлэн байдаг гэсэн.  


 
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт шог зураач Ц.Байды, Герман нөхрийн хамт Циллегийн хөшөөний дэргэд

Хамгийн сонирхолтой нь Берлинд “Цилле” ресторанд тухлах бүртээ эрхэм зочид алдарт зураачаас илүү түүний  насан туршийн үнэнч “менежер”-ийн намтрыг лавлан асуудаг гэнэ лээ. Мэдээж түүний намтар сэлт,  нэрийг нь хэн ч олж мэдэж чадаагүй л хэрэг шүү дээ. Энэ хөшөө магадгүй нөхөрлөлийн түүх мэт боловч дэлхийд хамгийн анхны шилдэг менежерийн хөшөө байж болох юм.  

Хошин зураасыг аврагч Дисней

Уолт Дисней алдарт Микки Маусаа туурвиж буй нь

Уолт Дисней гэхээр “Микки Маус”, “Симбаа, Миймбаа” бидний санаанд шууд ордог. Аргагүй шүү дээ. Үлгэр яаж зохиож болох, тэдний хөгжилтэй түүхийг наргиантай яаж шийдэхийг үзүүлж чадсан юм чинь. Ердийн уран сайхны киноны хөгжил  дэвшил  дэлхийн хоёрдугаар дайны хөлд хүч нь суларч байхад Диснейн хүүхэлдэйн киноны /анимишн/ мундаг баатар “Бээмбий” энхийн элч болж явсан юм билээ. Уолт Дисней өөрийн ах Ройнын хамт олон зуун хүүхэлдэйн кино бүтээж, ялангуяа “Микки Маус”, “Дональд Дак” нараараа ихэд алдаршсан билээ. Уо́лтер Эла́йас Ди́сней 1901 оны арванхоёрдугаар сарын 5-нд Чикаго хотод төржээ.

Энэхүү нүсэр, шуугиантай хот эцэг, эхэд нь таалагдахгүй байснаас тэд хүүхдүүдээ Миссури мужийн Марселин хотоос гадагш, жижиг ферм дээр өсгөхөөр шийджээ. Тэр үед Уолт дөрөвхөн настай байсан ба зураг зурахыг машид хүсэвч гэрийнхэнд нь цаас, харандаа авах мөнгө байсангүй. Тэр саваа, давирхай олон, гэрийнхээ ханан дээр байшин зуржээ. Энэ нь Уолтын хамгийн анхны зураг байлаа. Тэрээр гурван жилийн дараа хөршүүддээ зургаа зарж эхэлсэн байна. Харин 40 жилийн дараа гэхэд хөршүүд нь алдрын  титэм атгасан Диснейн бага насны зургуудыг дуудлага худалдаагаар зарж чамгүй үнэд хүргэж чадсан байдаг. Ферм дээр амьдрах тэдний гэр бүлд ашиггүй байсан тул дахин нүүж, Канзас-Сити хотод ирсэн аж. Тэнд 8 настай Уолт мөнгө олж эхэлжээ. Тэрээр 6 жилийн турш үүрийн 3:30 цагт босон сонин тараадаг байв. Тэдгээр сонин дээр нь харагддаг комикс зургуудыг дууриалган зурахыг хүсэвч өчүүхэн ч чөлөөт цаг гарддаггүй байжээ. Бүх зураачид бол ажилгүй амьтад хэмээн боддог эцэг нь Уолтын хүсэл сонирхлыг дэмждэггүй нэгэн байв. Гэвч Чикагогийн урлагийн институтэд элсэх боломж Уолтод тохиосон билээ. 1918 онд Уолт Дисней цэргийн албанд мордохыг хүссэн боловч түүнийг авсангүй. Ингээд Улаан загалмайн нийгэмлэгт нэгдэн, хилийн чинадад явж, нэг жил эмнэлгийн тэрэг барьсан байна. 1919 онд Канзас-Ситид буцаж ирээд, арилжааны студид уран сайхны удирдагчаар ажиллаж эхэлжээ. Тэнд өөрийн ажил хэргийн хамтрагч, залуу зураач Уба Айверкстэй анх танилцсан байна. Тэд хамтран хувийн студи нээж, хуучин камер олж аваад хоёр минутын сурталчилгааны кино хийдэг болжээ. Тэрхүү богино кинонууд нь орон нутгийн театруудад гардаг байсан ба хамтрагчид Холливудын кино үйлдвэрлэлд ойртохын тулд өөрсдийн студийг Лос-Анжелест нүүлгэн шилжүүлсэн байна.
Уолт Диснейгийн зүрх сэтгэлийг хүүхэлдэйн кино маш их татаж эхэлжээ. Санасандаа хүрэхийн тулд тэрээр хошин хэлбэрийн чимэглэлээр арга барилаа сонгожээ. Халаасандаа 40 доллартай тэрээр нэлээн мөнгөтэй ах Ройтойгоо уулзан саналаа хэлж, хоёулаа авга ахынхаа гаражид дэлгүүр нээсэн байна. Харин 1926 оны нэгдүгээр сард Калифорнид Диснейн анхны студи нээгджээ. Анхны хөдөлгөөнт кинонуудаа хийж эхэлснээр ах, дүү хоёр мөрөөдөлдөө хүрэхэд ойртсон байна. Кино бүтээхэд шаардагддаг бүх авьяас тэр хоёрт байлаа. Удалгүй тэд АНУ-ын Засгийн газраас сургалтын кино хийх гэрээ хүлээн авчээ. Уг төсөл маш ашигтай бөгөөд сонирхолтой байсан учраас бусад бүх ажлаа хойш тавин, ханцуй шамлан орсон аж. 1928 онд ах, дүү хоёр “эрч хүчтэй хулганын” тухай санаа олжээ. Ингээд богино хэмжээний “Вилли хөлөг онгоц” хэмээх кино бүтээгдэв. Хөлгийн ахмад нь бяцхан хулгана байсан ба ингэж анх Микки Маус мэндэлсэн аж.
Анхны том амжилтууд нь “Тэнэг симфони” /1929 онд/ кино болон дэлхийн анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох “Цасан цагаан ба долоон одой” /1937/ -той хүрч ирлээ. 1940 онд “Пиноккио”, 1941 онд “Дамбо”, 1942 онд “Бэмби” гарч ирлээ. Дайны үед Дисней студи америк цэргүүдэд зориулсан кино бүтээж байв. Дайны сүйрэл хямралыг мартагнуулж улс орнуудыг сэргээн босгож байсан жилүүдэд Диснейгийн “Бэмби” хүүхэд багачуудын сэтгэлийг соронз мэт татсаар байсан билээ.
1955 онд Лос-Анжелесаас холгүй “Диснейлэнд” том паркийг нээсэн нь жуулчдын хамгийн их үзэх дуртай газруудын нэг болсон билээ. Өнөөдөр хаяагаа тэлсээр дэлхийн олон оронд “Диснейлэнд” парк үүд хаалгаа нээсэн.


 
Уолт Дисней 25 нас хүртлээ. Мөн банкинд 10 000 доллартай болтлоо гэрлэхгүй гэдэг байсан ч 1925 онд 24 настайдаа Лилиантай гэрлэсэн байна. 1933 онд охин Диан Мари, 1936 онд Шарон охин мэндэлжээ. Уолт Дисней өөрийн зүрх сэтгэлээ зориулсан ажлаас асар их таашаал авдаг байсан ба харин чөлөөт цагаа гэр бүлдээ харамгүй зориулдаг байв. Тэрээр нэгэн удаа “Хайр сэтгэл бусад бүх зүйлтэй тэнцэнэ гэдэгтэй санал нэг байна. Хэрэв хүнд хайр үгүй бол түүнийг тэр хэзээ ч бусдад өгч чаддаггүй” гэжээ. Өнөөдөр ч Диснейгийн студи нэр алдар нь цуурайтан хүүхэлдэйн киноны ертөнцийн нэрийн хуудас болж байна. Одоо бид Симбагаас илүү гарсан анимишн зурж чадлаа ч зах зээл дээр тийм амар амжилт олж чадахгүй нь нууц биш билээ. Харин “Дисней”-гийнхэн энэ боломжийг ашиглахдаа овжин билээ. Тэд шилдэг бүтээл, оновчтой санааг дэмжин үнэлэхдээ гарамгай ажээ. Харин Диснейгийн студийн бүтээлүүдийг зах зээл өөрөө сонирхдог юм шүү.
Хошин шог зургаас гараагаа эхэлсэн анимишнийг Холливудын алдарт найруулагч Стивен Спелберг ч энэ салбар руу хүч түрэн орж ирээд байгаа юм.

Чихмэл Тедди бамбаруушийг ч шог зураачид “нээжээ”

Бас нэгэн сонин түүх байдаг. АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт өөрөө сайн анчин хэдий ч баавгайг агнахыг хориглосон хууль гаргажээ. Бяцхан бамбарууш Ерөнхийлөгчөөс  аврал хүсэж байгаа сэдэвтэй нэгэн шог зургийг 1902 оны 11 дүгээр сарын 16-ны “Вашингтон Пост” сонинд шог зураач Клиффорд Берриман хэвлүүлсэн нь нэг их дуулиан тариагүй юм. Харин Оросын цагаач Моррис Миктийн эхнэр Роза чихмэл тоглоом хийх санаа төрж загварыг нь дээрх шог зургийн  бамбаруушаар шийдтэл санаанд оромгүй амжилтанд хүрсэн байна.

Улмаар тэд Ерөнхийлөгчид хандан түүний багын нэрээр Тедди гэж нэрлэсэн нь өнөөгийн бидний сайн мэдэх алдарт чихмэл бамбаруушийн нэр билээ. Өнөөдөр олон том хотуудад түүнд зориулсан баавгайн музей ч байдаг юм.

Дэлхийн дайны гэмтнүүдийн үнэн дүрийг шог зураачид илчилсэн байдаг

М.В.Куприянов, П.Н.Крылов, Н.А.Соколов /Кукрыниксы/

Дэлхийн хоёрдугаар дайны гэм буруутанг шүүсэн Нюрнбергийн шүүх хурлын явцыг хүн төрөлхтөн чих тавин хүлээсэн өдрүүдэд цөөн тооны сурвалжлагч, гэрэл зурагчдыг зөвхөн онцгой эрхтэйгээр оролцуулсан байдаг.


   
Гэтэл Зөвлөлтийн тал овжин шийдэж Кукрыниксы хэмээн нэгэн нэрийн дотор бүтээлээ туурвидаг алдарт гурвал  шог зураачид болох Куприянов, Крылов, Соколов нарыг томилон оролцуулсан нь тэд үзэгчийн суудлаас жигшүүрт  алуурчдын гэрэл зургийн хальсанд ч буулгаж үл чадам үнэн дүрийг гайхалтай шоглон түүхэнд үлдээж чаджээ.

“Хаана инээд байна. Тэнд эрүүл нийгэм оршдог”. Тийм учраас бид бие биендээ инээд түгээхийг хүсдэг юм.


Дэлхийн дайны гэмтнүүдийн үнэн дүрийг шог зураачид илчилжээ   
Үзсэн: 5110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй