
Энэ онд Ирак дахь хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх, "Исламын улс" бүлэглэлтэй тэмцэхэд төлөвлөсөн төсөв дутсан гэдгийг тус улсын эрх баригчид мэдэгдсэн. Энэ төсвийг нөхөх зорилгоор НҮБ 861 сая америк долларын хөрөнгө босгохыг гишүүн орнууддаа уриаллаа. Иракийн Засгийн газар энэ онд 10 сая иргэндээ хүмүүнлэгийн тусламж үзүүлэх 1.56 тэрбум америк долларын төлөвлөгөө боловсруулсан юм. Гэвч өнгөрсөн онд газрын тосны үнэ унаснаас үүдэн Иракийн төсвийн орлого эрс буурсан байна.
Үүнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн тусламжийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тал хүрэхгүй хувийг төсөвтөө тусгах боломжтой гэдгээ тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, дутсан төсвийг нөхөхөд НҮБ-аас тусламж хүссэн юм. НҮБ-ын тооцоогоор энэ онд Иракийн Мосул хотыг "Исламын улс" бүлэглэлээс чөлөөлөх үеэр олон хүн дүрвэн дайжих төлөвтэй байна. Иймээс ойрын саруудад Ирак улсад хүмүүнлэгийн хямрал улам дордоно гэж ажиглагчид анхааруулж байгаа юм.
"Исламын улс" бүлэглэлийн халдлага дайралтаас үүдэн 2014 оноос хойш орон гэрээ орхисон Иракийн 3.3 сая иргэн, мөн Сирийн хямралаас үүдэн Иракт дүрвэсэн 250 мянга гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж нэн даруй шаардлагатай байна. Эдгээр хүмүүсийн тал хувь нь хүүхдүүд байгааг НҮБ онцоллоо. Сүүлийн саруудад Иракийн Засгийн газрын цэргүүд Ираны дэмжлэгтэй шийтийн шашинт зэвсэгт дайчдын тусламжтайгаар газар нутгийнхаа зарим хэсгийг "Исламын улс" алан хядагч бүлэглэлээс эргүүлэн чөлөөлж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан энэ онд 200 мянга орчим гэр бүл орон гэртээ эргэн очих нөхцөл бүрдэнэ гэж Иракийн эрх баригчид найдаж байна. Одоогоор орон гэрээсээ дайжсан иракчууд Багдад, Курдистан болон бусад бүс нутаг дахь эзгүй байшингууд, мөн түр орогнох газруудад толгой хоргодож байгаа юм.
Иракт нүүрлэсэн хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд 861 сая ам.доллар хэрэгтэй гэв | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.