Шууд Chart

Плисецкаягийн цэцгэнд умбасан хунгийн дэвэлт

2016-02-04 11:54:35

Хуучин социалист гэгдэж байсан орны алдартны хөшөөг капиталист оронд ч босгох эрхгүй шахам үе саяхан хүртэл байсан юм. Дэлхийг хувьсгасан В.И.Лениний цорын ганц хөшөө Финляндын вокзал дээр сүндэрлэн байсныг эс тооцвол үнэхээр тийм байжээ.

Гэвч урлаг, соёлд зах хязгаар байхгүйн учир Оросын алдарт бүжигчний хөшөөг хүндэтгэн босгоход ямар ч эрхтэн дархтан хорьж цагдаж зүрхлээгүй гэдэг.

Энэ бол Орос, Зөвлөлтийн нэрт бүжигчин, бүжиг дэглээч, сурган хүмүүжүүлэгч Майя Михаиловна Плисецкаягийн хөшөө юм. Тэрээр 1925 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотноо Зөвлөлт төрийн зүтгэлтэн Михаил Эммануилович Плисецкий, жүжигчин Рахила Михаиловна Мессерер нарын гэр бүлд төржээ.
Түүний эцэг, эх албаны дипломат томилолтоор Германд нэлээд хэдэн жил ажилласан нь хожим Сталины хэлмэгдлийн шуурганд өртөх “таатай нөхцөл” бүрджээ. /1966 онд цагаадсан байдаг/

Бяцхан Майяг нагац эгч Суламифь Мессерер нь үрчилж авсан ба өөрийнхөө  мэргэжлийг эзэмшүүлэхээр чармайн зорьсон нь талаар болсонгүй. Нагац ах Асаф Михаилович, Мессерер нь бас ЗХУ-ын ардын жүжигчин, бүжигчин байв.

Майя Плисецкая 1943 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг дүүргэн шууд Их театрын бүжигчин болсноор уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Мөн тэрээр 1958 онд хөгжмийн зохиолч Родион Щедринтэй гэрлэсэн байна. Майя Плисецкая тайзан дээр ”Хун цэнгийн дэвэлтээр” зоргоор дүүлдэг шигээ Орос, Герман, Литва, Испанийн иргэншлийг бас ганцаараа эзэмшиж чадсан Орос-Зөвлөлтийн энхийн элч” ажээ. Тэрээр өнөөдөр дэлхийн сонгодог бүжгийн урлагийн ноён оргилд хүрч чадсан тоотой хэдэн алдартны нэг билээ.

“...Надад тайзан дээр ч, амьдрал дээр ч хэлэх үг байгаа юм шүү” Майя Плисецкая  
 
Майя Плисецкая “Хунт нуур”-ын Одетта Одиллия, “Нойрсон буй гоо бүсгүй”-н Аврора, Глазуновын “Раймонда”, Меликовын “Дурлалын домог” Мэхмэнэ-Бану, Родион Щедриний “Кармен-сюита”-гийн Кармены дүрийг Их театрын тайз болон тив, дэлхийн олон театрт амилуулжээ.

1961 онд домогт Галина Уланова тайзаа орхисноор Майя Плисецкая дэлхийд алдартай Москвагийн Их театрын үе, үеийн бүжгийн урлагийн үнэмлэхүй хатан хаан нь болсон юм. Уран чадварлаг хөдөлгөөнөөрөө гайхагдсан зөвхөн түүнд зориулж Кубын нэрт балетмейстер Альберто Алонсо алдарт “Кармен-сюита”-гаа бичсэн гэдэг. Хөгжмийн зохиолч Родион Щедрин бол алдарт бүжигчний  амьдралын түшигт хань төдийгүй уран бүтээлийн хамгийн дотно хамтрагч билээ. Түүний зохиосон “Анна Каренина” /Рыженкогийн хамт/, ”Цахлай”, ”Нохойтой хатагтай” бүжгэн жүжгүүдэд Плисецкая балетмейстераар ажиллахын зэрэгцээ тэргүүн бүлгийн анхлан тоглогчоор бүжиглэн өөрөө тайзыг чимж байлаа.


    
1980-аад оноос Плисецкая, Щедрин нар гадаадад ажиллаж амьдрах болсон билээ. Ромын дуурь бүжгийн театр, Испанийн үндэсний балетийн театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад 65 насандаа алтан тайзнаасаа буусан юм. Плисецкая нэгэнтээ “Намайг тайзан дээр гялалзаж байхад Щедринийг хүмүүс анзаарах завгүй байсан юм. Одоо би түүний гайхамшигт хөгжмөөр цээж дүүрэн амьсгалж байна. Юм гэдэг ээлжтэй” гэж наргиж суусан гэдэг.

Майя Плисецкая 1994 оноос хойш Санкт-Петербург хотноо жил бүр зохиогдох болсон өөрийн нэрэмжит ”Майя“ олон улсын балетийн уралдааны тэргүүнээр ажилласаар иржээ.

Анир чимээгүй танхимд Майя Плисецкаягийн хунгийн тоглолт намуухан жаргахад хуран цугласан олны нижигнэсэн алга ташилт нүргэлэн цуурайтаж, талархлын баглаа цэцгүүд тайз дүүрэн алаглаад гагцхүү цэцгэн далайд умбах хунгийн дэвэлт цайран харагддагсан. Эрин үеийн алдарт бүжигчин Майя 2015 оны тавдугаар сарын 2-ны өдөр хорвоогийн тайзнаас үүрд оджээ.

 


Плисецкаягийн цэцгэнд умбасан хунгийн дэвэлт  
Үзсэн: 2092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-02-04 13:13
Агуу хүн байж билээ,Аягүй бол Мөнхбат багш амьдаар нь үзсэн байх

Бидэнтэй нэгдээрэй