Шууд Chart

Хэвлэлийн алдааны ачаар ховор маркууд сая, саяар үнэлэгдэж байна

2016-02-15 10:31:34

Ховор нандин маркийг олж авахын төлөө улайрсан хорхойтнууд дэлхийн өнцөг булан бүрт байдаг. Тэд маркаа солилцож, илүү дутуугаа зарахыг нь зарж, заримыг нь сольж эсвэл худалдан авсаар цуглуулгаа баяжуулдаг.

Мэдээж ганцхан хувь хэвлээгүй юм хойно цуглуулагчийн нямбай хавтсанд биш ч хэн нэгний хуучирч дарагдсан захидал дээр мэр сэр үлдэх нь бас бий ажээ.

Цаг хугацаа үргэлжилсээр марк ховордохын зэрэгцээ хэвлэлийн өнгө будаг нь тохироогүй бидний нэрлэж  заншсанаар “брак” болсон гологдол хуудас хожим хосгүй үнэт эд болсон жишээ бас байна.

Монголын эзэнт гүрний шуудан өртөөний сүлжээг эс тооцон  Английн төрийн зүтгэлтэн  ноён Роуленд Хилл 1837 онд орчин үеийн шуудангийн сүлжээг санаачлан дэлгэрүүлэхийн сацуу 1840 онд шуудангийн баталгаат таних тэмдэг болох маркийг зохион дэлгэрүүлжээ.

Анхны маркан дээр Цог жавхлант хатан хаан Викторигийн хажуугаас нь дүрсэлсэн хөргийг бараан дэвсгэр дээр буулгасан байна.

Энэхүү маркийг зураач Чарльз, Фридрик нар гүйцэтгэжээ.


 
Бараан өнгийн анхны марк нэг пеннийн үнэтэй байсан тулд түүхэнд “Хар пенни” нэрээр үлджээ.

“Хар пенни”-г анх хуудсандаа 20 эгнээ, 120 баганатайгаар 240 ширхэгээр өрөн хэвлэсэн байна. Анхны марканд тусгайлан таслах ором /перфораци/ байхгүйгээс нэг бүрчлэн хайчилж байв. Ийнхүү 1840 оны тавдугаар сарын 6-нд дэлхийд анх марк мэндэлжээ.

Санамсаргүй тохиолдлоор “Хар пенни”-г хэвлэсэн баримт олдсон бөгөөд анх хэвлэх үйлдвэрээс 286 700 хуудас бүхий 68 808 000 тооны марк худалдаанд гарсан байна. Гэвч одоо дэлхийн шилдэг цуглуулагч нарт гэмтэж үрэгдээгүй маш цөөхөн хувь хадгалагдан иржээ.

Болхи энгийн хийцтэй энэ маркийг хожим мэргэжлийн нарийн дархчуул дуурайлган хийх гээд дөнгөөгүй байна. Учир нь “мэргэшсэн” хуурамчаар гар үсэг дуурайгчид “Яаж ч таталсан уран гоё бичлэгийг  дуурайхад амархан байдаг. Харин хэв муутай эв хавгүй гарын үсгийг яаж ч болддоггүй” гэдгээр төлөөлөн тайлбарлаж болох юм.
Мэдээж хэрэг өнөө болтол Английн маркан дээр эзэнт гүрний сүр хүчин тусгалаа олсоор иржээ.


 
“Будант Альбион”-ы шуудангийн сүлжээ хүрээгээ тэлсээр Бавар, Женев, Цюрих, далайн чинадын Бразилд ч “илгээмжийн цаасан шувуу” нисэн очсон байна.

Баварт 1845 оны хоёрдугаар сард анхны марк худалдаанд гарсан нь дэлхийн анхдагчдын жагсаалтад дээгүүр байр эзэлж байгаа юм.

 
 
“Гэгээн Грааль” (Z-Grill) - $2.97 сая доллар.

1868 онд худалдаанд нэг центийн үнэтэйгээр гарсан энэхүү марк одоо дэлхийд хоёр  ширхэг байдаг ажээ. Тус марк дээр анхны шуудангийн зүтгэлтэн Бенжаминийг дүрсэлжээ.


“Сицилийн алдаатай өнгө” $2.72 доллар.

1859 онд хэвлэгдэн гарсан энэ марк өнгөний тохиргоо алдагдсанаас эхлээд шар өнгөтэй байснаа хэсэг хугацааны дараа ногоорон, сүүлдээ хөх өнгөтэй болсон  байна. Жаахан наргиантайгаар “солигддог марк” гэж нэрлэж болох юм. Гэхдээ бидний үед өнгөө хувиргаж амжаагүй байгаа юм шүү.


“Шар гурван скиллинговик”  $2.3 сая доллар.

Бас л хэвлэгчийн осол цалгараас болж ногоон өнгөтэй байх маркийг шар өнгөөр хэвлэчихжээ. Хэвлэлийн “гологдлыг” хаялгүй хадгалсандаа хожим ийнхүү өндөр үнэд хүрсэн байна. Учир нь дэлхийд хаана ч ийм шар өнгийн ижилхэн марк байхгүй юм.

“Бадены өнгийн алдаа” $2 сая доллар.

1851 онд аугаа их Герцог Бадений ивээл доор гаргасан маркийг хэвлэлийн алдаа тойрсонгүй.

“Цэнхэр Маврика” $1.15 сая доллар.

Маврика арал дээр 1847 онд хоёр центийн үнэтэй цөөхөн хувиар худалдаанд гарсан энэ марк дэлхийд одоо ердөө зургаан ширхэг байдаг.

“Бүхий л орон даяар улаан” - $1.15 сая доллар.

Харьцангуй “идэр залуухан” энэ маркийг 1968 онд БНХАУ хэвлүүлсэн боловч худалдаанд гаргаагүй юм. Харин 2012 оны тавдугаар сард болсон “Чайна гардиан” дуудлага худалдааны үеэр цорын ганц энэ хувь 7.3 сая юанийн үнэд хүрчээ.


 
“Улбар шар Маврика” $1.07сая доллар.

Маврика арал дээр анх хэвлэгдсэн улбар шар өнгийн энэ марк ердөө 14 ширхэг үлджээ.

“Уруу харсан Женни” $977.5 мянган доллар.

“Кертис-Женни” нисдэг аппаратын зураг бүхий маркийг хэвлэлийн монтаж хийхдээ толгойг нь уруу харуулаад хэвлэчихжээ.

Тухайн үед будлиу хэвлэгч зэмлэл хүртэн хоолноосоо салж байсан бол өнөөг хүртэл нямбай  хадгалж чадсан азтай нэгэн түрүүвчээ зузаатгажээ.

“Британийн Гвиана” - $935 мянган доллар.

1856 онд гаргасан Британийн Гвианагийн найман талт энэ маркийн ховорхон хувь дээр шуудангийн эзэмшигч Э.Уайтийн гарын үсэг байдаг.

“Тифлиссийн орлошгүй ганц” - $763.6 мянган доллар.

Дэлхийд гурван ширхэг үлдсэн Оросын анхны марк. Саяхан хүртэл  А.Фабережегийн цуглуулгад хадгалагдаж байв.

 


Хэвлэлийн алдааны ачаар ховор маркууд сая, саяар үнэлэгдэж байна  
Үзсэн: 3102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй