
Дуу бол гурван далавчтай шувуу гэж соёл урлагийн салбарынхан тодорхойлдог. Тиймээс Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн холбоо, дууны яруу найрагч, хөгжмийн зохиолчдын оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлд олон улсын түвшинд хамтарч ажиллахаар болсон байна.
1993 оноос өмнө зохиогдсон бүх бүтээлийг төрийн өмч гэж үздэг байсан. Өөрөөр хэлбэл, “Маамуу нааш ир”-ээс эхлээд Монголын алтан үеийн дуунууд тухайн уран бүтээлчийн оюуны өмч гэж тодорхойлох боломжгүй нөхцөлд явж ирсэн. Тэгвэл Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн холбоо Төрийн өмчийн хороотой тохиролцон эдгээр дуунд лиценз олгож оюуны өмчийн үүднээс хамгаалж, ашигласан хүмүүсээс хураамж авах боломжтой болжээ.
Уг нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулиар дууны яруу найрагч, хөгжмийн зохиолчдын оюуны өмчийг хамгаалах тодорхой заалтууд орсон байдаг. Гэвч хөрсөндөө бууж, хуулиа биелүүлсэн хүн ховор. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар л гэхэд 400 гаруй дуутай ч, нэг ч удаа оюуны өмч ашиглуулсан хураамж хүртэж байгаагүй. Тэгвэл одоо зөвхөн Монголд төдийгүй олон улсын түвшинд түүний оюуны өмчийг хамгаалах боломж бүрджээ.
Зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн олон улсын холбоо нь дэлхийн 120 гаруй орны 230 гаруй гишүүнтэй. Тус байгууллага 3 сая гаруй дуу, шүлэг, дуурь, уран зохиол, дүрслэх урлагийн бүтээлчдийг төлөөлөн зохиолчийн онцгой эрхийг хамгаалахаар ажилладаг. 1926 онд байгуулагдсан энэ байгууллага оюуны өмчийн хулгай, оюуны өмчийн үнэлэмжийг бий болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсээр иржээ.
Мөн энэ үеэр Японы зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн гадаад харилцааны мэргэжилтэн Сатоши Ватанабэ "Оюуны өмчтэй холбоотой олон асуудал, ялангуяа түүнийг хуулбарлах, зохиолчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдол олон байдаг. Японд гэхэд бид "караоке бар"-уудад ашиглаж байгаа дуу хөгжмийн хураамжийг бүрэн авч чаддаг болсон. Энэ мэдээж амар байгаагүй. Эхлээд Оюуны өмчийн хууль тогтоомжийг сурталчилсан албан бичиг илгээж, дараа нь хураамжаа төлөхийг шаардана. Тэгээд биелүүлэхгүй бол караокений төхөөрөмжийг нь лацдах зэргээр тэмцэж байж ийм амжилтад хүрсэн" гэв.
Ардын дуунаас эхлээд монголчууд дуу хуурын дундаршгүй арвин сантай. Мэдлэгт суурилсан эдийн засгийн нэг гол үзүүлэлт нь нүүдэлчин ахуй соёл, үндэсний өвөрмөц онцлогийг шингээсэн урлагийн бүтээл байна гэж тодорхойлдог. Тэгвэл Монголын зохиолч хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн холбоо Олон улсын байгууллагатай хамтран энэ боломжийг улам нэмэгдүүлж байна гэж соёл урлагийн салбарынхан хэлж байна.
Монгол уран бүтээлчдийн оюуны өмчийг олон улсын түвшинд хамгаална | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.