Шууд Chart

Сирийн Дайр-эз-Заур хотод шүхрээр хүмүүнлэгийн тусламж буулгажээ

2016-02-25 14:40:30

Сирийн зүүн хэсэгт орших "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн бүслэлтэд орсон Дайр-эз-Заур хотод шүхрээр хүмүүнлэгийн тусламж буулгахаар төлөвлөж байгаагаа НҮБ өнгөрсөн долоо хоногт зарласан. Энэ төлөвлөгөөний хүрээнд, өчигдөр эхний ээлжийн хүмүүнлэгийн тусламж болох 21 тонн бараа бүтээгдэхүүнийг Дайр-эз-Заур хотын дээрээс шүхрээр буулгажээ. Бараа бүтээгдэхүүн төлөвлөсөн цэгт амжилттай буусан болохыг тус бүс нутагт ажиллаж байгаа Сири дэх Арабын "Улаан хавирган сар" байгууллагынхан мэдээлж байна.

Тус байгууллагын тооцоогоор Дайр-эз-Заур хотын 200 мянга гаруй хүн бүслэлтэд орж, шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомсдолд амьдарч байгаа юм. Дайтагч талууд тус хотод хүрэх бүх замыг хаасан учраас НҮБ хүмүүнлэгийн тусламжийг хотын оршин суугчдад хүргэх өөр арга зам хайхаас аргагүй болжээ. Нисэх онгоцоор тусламжийн бүтээгдэхүүнийг зөөвөрлөн, агаараас шүхрээр буулгах төлөвлөгөө өндөр эрсдэлтэй болохыг Их Британийн Засгийн газар өмнө нь анхааруулж байсан юм.

Мөн Дэлхийн хүнсний хөтөлбөр ч нислэг үйлдэх зөвшөөрөл авах, тусламжийн бараа бүтээгдэхүүнийг шүхрээр буулгах оновчтой цэгийг сонгох зэрэг олон талын хүндрэл бэрхшээлийг харгалзан энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй гэж өмнө нь үзэж байсан. Гэсэн хэдий ч олон талын сэтгэл зовнилыг үл харгалзан тусламжийн барааг Сирийн Дайр-эз-Заур хотын дээрээс шүхрээр амжилттай буулгажээ. Өнгөрсөн долоо хоногт 100 ачааны автомашин бүхий хүмүүнлэгийн тусламжийн цуваа Сири дэх бүслэлтэд орсон өөр хэд хэдэн бүс нутагт амьдарч байгаа 80 мянга гаруй хүнд хүнс, тусламжийн бусад бараа бүтээгдэхүүн хүргэсэн юм. Мөн энэ мягмар гарагт Сирийн Засгийн газрын бүслэлтэд орсон хоёр хотод хүмүүнлэгийн тусламжийн цуваа хүрч очсон юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сирийн Дайр-эз-Заур хотод шүхрээр хүмүүнлэгийн тусламж буулгажээ  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй