
Өнгөрсөн оны сүүлээр Бразилын Минас-Жирайс мужид уурхайн далан сэтэрснээс алдагдсан химийн хорт нэгдэл бүхий хаягдал ус ой дамнан урсаж, их хэмжээний бүс нутагт хор хохирол учруулсан. Харин тус уурхайн компани байгаль орчинд учирсан энэ хохирлыг нөхөн барагдуулахад зориулан 1.1 тэрбум америк долларын торгууль төлөхөөр болжээ. Самарко компани торгуулийн 500 сая долларыг 2016 онд төлөх бол дараагийн хоёр жилд үлдсэн торгуулийг ижил хэмжээгээр хуваан барагдуулахаар төлөвлөж байна.
Самарко уурхайн компанийг “Вале” болон “Би-Эйч-Пи Биллитон” компаниуд хамтран эзэмшдэг. Хэрэв тус компани торгуулиа бүрэн барагдуулж чадахгүй бол толгой компаниуд нь төлбөрийг давхар хариуцахаар гэрээнд тусгажээ. Өнгөрсөн 11 дүгээр сард хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй химийн нэгдлийн агууламж бүхий хаягдал ус Самарко компанийн уурхайн далангаас урсаж, Бразилын өмнөд бүс нутагт хөрсний бохирдол үүсгэснээс гадна ойролцоох гол мөрний урсгалд нийлж, цааш далайд цутгасан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Энэ нь Бразилын түүхэн дэх байгаль орчны хамгийн том гамшигт тооцогдож байгаа юм.
Эргэн сануулахад, Самарко компанийн хоёр далан сэтэрсний дараа уурхайн ойр оршдог Мариана тосгоны 600 орчим оршин суугчийн орон гэр сүйдэж, 19 хүн амь үрэгдсэн. Торгуулийн хөрөнгийг хаягдал усанд хордсон бүс нутгийн байгаль орчныг нөхөн сэргээх, мөн тухайн бүс нутагт оршин суудаг иргэдэд хохирлын нөхөн төлбөр олгоход хуваан зарцуулах юм байна. Цагдаагийн мөрдлөг шалгалтын дүнд уурхайн далан сэтэрсэн нь Самарко компанийн гүйцэтгэх удирдлагын тоомжиргүй байдлаас үүдэлтэй гэх дүгнэлт гарсан юм. Улмаар уурхайн тус компанийн Ерөнхийлөгч болон 5 гүйцэтгэх захирлыг хүн амины гэмт хэрэгт буруутган, баривчлаад байна.
Бразилын компани 1.1 тэрбум долларын торгууль төлнө | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.