
Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо ирэх 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны 28 тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хороо өнөөдөр хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар ээлжит хурлаа хийв.
Өнөөдрийн байдлаар Болгар, Литва, Итали, Пакистан, Энэтхэг, Индонези, Финланд, Унгар, Чех, Польш, Бельги, Камбодж, ОХУ, Лаос, Норвеги, Швейцарь, Сингапур, Дани зэрэг 23 орны, мөн Европын парламентаас нийт 100 гаруй төлөөлөгч оролцохоор байна гэж Үндэсний хорооны дарга, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд дуулгасан юм. Түүнчлэн, энэ оны 03 дугаар сарын 11-нд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас Монгол Улсаас АСЕМ-ын гишүүн орнуудад суугаа нийт 20 Элчин сайд нарт өөрийн суугаа болон хавсран суугаа орнуудын парламентаас спикер, дэд спикер, гишүүдийн түвшинд төлөөлөгчид оролцуулах чиглэлээр ажиллаж, төлөөлөгчдийн бүрэлдэхүүн, албан тушаал, бусад мэдээллийг холбогдох орны парламентаас авч, 2016 оны 03 сарын 21-ний өдрийн дотор ирүүлэх талаар албан бичиг явуулсан гэж танилцуулав.
Хурлын үеэр Үндэсний хорооны гишүүд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж буй талаар мэдээлэл солилцож, саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ, өмнөх хуралдаанаар тараагдсан Улаанбаатар Тунхаглалын төсөлтэй танилцахад орчуулгын найруулга зүй дээр анхаармаар зүйлс харагдаж байсан. Иймд, холбогдох хүмүүс үүн дээр анхаарна уу гэлээ.
Түүнчлэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажлын бэлтгэл ханган ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж буй бөгөөд тэрээр, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Төрийн ордны Их танхим болон уулзалт болох танхимуудын засвар үйлчилгээ төлөвлөгөөт хугацааны дагуу үргэлжилж байгаа ба олон улсын хуралдаан зохион байгуулах нөхцлийг хангах үүднээс хуралдаанууд болох танхимуудыг орчин үеийн техник хэрэгслээр тоноглож байгаа гээд орчуулгын нэмэлт төхөөрөмж авах шаардлага байгаа талаар уламжилсан юм.
Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдлаа | ||
Үзсэн: 1087 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.