Шууд Chart

“АСЕМ-ын Загвар чуулган-2016”

2016-03-17 16:32:41

Манай улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд дагалдах 9 хурлын нэг нь Улаанбаатар хотноо долоодугаар сард зохион байгуулагдах “АСЕМ-ын Загвар чуулган-2016” юм. АСЕМ-ын Загвар чуулган нь Дээд түвшний уулзалтынхаа өмнө зохиогддог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад АСЕМ-ын Дээд түвшний жинхэнэ уулзалтын талаар ойлголт мэдээлэл өгөх, оюутан залуусыг идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлэх зорилготой улс төрийн үлгэрчилсэн уулзалт юм.

Өмнөх жилүүдэд зохиогдсон АСЕМ-ын загвар чуулганд  АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгч гишүүд,  сайд нар, мөн АСЕМ-ын гишүүн орны их сургуулийн багш, мэргэжилтэн, оюутнууд оролцсоор ирсэн уламжлалтай. Энэхүү үргэлчилсэн хуралдаан нь хоёр үе шаттай. Эхнийх нь чуулган болохоос 1-2 сарын өмнө оюутнууд онлайнаар бүртгүүлэн хамтран ажиллах буюу багт хуваагдан судалгаа хийж, тодорхой жишээн дээр ажиллана. Дараа нь  үндсэн хуралдаан болж, нүүр тулан ярилцах, асуудал дэвшүүлэх хэлбэрээр зохиогддог.

Улаанбаатарт болох энэ удаагийн “АСЕМ-ын Загвар чуулган-2016”  нь АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлууд дээр төвлөрсөн дэд хуралдаан, семинар, хоёр талт уулзалт зэргээс бүрдэнэ. Түүнчлэн АСЕМ-ын гишүүн улсууд хооронд дипломат айлчлал хийхэд оюутан, залуусын төлөөллөөс оролцуулах, албан ёсны төлөөлөгчдийг дагалдуулах ажил зохиогдох юм.

АСЕМ-ын загвар чуулган нь залуучуудыг олон улсын яриа хэлцээний үйл явцад оролцон АСЕМ-ын тэргүүлэгчидтэй шууд харилцах гүүр болох үндсэн зорилготой. Мөн оюутнуудын дунд дипломат ёс, яриа хэлэлцээний талаар бодит мэдлэг олгох, олон нийтийн өмнө ярих, багаар ажиллах, зөвшилцөлд хүрэх, манлайлах зэрэг чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой.

АСЕМ-ын загвар чуулганы гол үр дүн нь оролцогчдын хэлэлцүүлгээс бүрдсэн Даргын мэдэгдэлийг гаргах ба энэ нь АСЕМ-ын стратегийн чиглэл, ач холбогдлыг төлөвлөж, 11 дүгээр АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр танилцуулагдахад оршино.


“АСЕМ-ын Загвар чуулган-2016” оролцогчдын бүртгэл

Монголын Залуучуудын Холбоо нь “АСЕМ-ын Загвар чуулган-2016” зохион байгуулах ажлын хэсгийг ахлаж байгаагын хувьд тус Загвар чуулганы оролцогчдыг  2016 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал бүртгэж байна. 

 Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 18-30 настай байх
  • Оюутан байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвар өндөртэй байх
  • Эрдэм шинжилгээ, илтгэлийн тэмцээнд оролцож байр эзэлж байсан байх
  • Бэлтгэл ажил болон Ази-Европын Сан (ASEF)-ын дараа дараагийн үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзэлээр дүүрэн байх

Дээр дурьдсан тавигдах шаардлагыг хангаж байгаа оролцогч .................. линкээр орж бүртгүүлнэ үү.

Жич: Зохион байгуулах тал нь оролцогчдын байр, хоолны зардлыг хариуцна.


АСЕМ-ын долоодугаар Загвар Чуулганы Монгол оролцогчдын сонгон шалгаруулалтын журам:

1 дүгээр шат

2016.03.14-31             www.myf.mn сайтаар дамжуулан оролцох хүсэлтэй оюутан залуусын цахим анкетыг авна.

2016.04.04-08             Цахим анкетанд шүүгч нарын баг үнэлэлт дүгнэлт өгөх зарчмаар 100 хүсэлт гаргагч сонгон шалгаруулж, тэнцсэн хүсэлт гаргагчдын нэрсийг www.myf.mn вебсайт, “The 7 Model ASEM Mongolia” фейсбүүк хуудсанд нийтлэнэ.

2 дугаар шат

2016.04.11-22             Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн хүсэлт гаргагч 3-5 минутын англи хэл дээрх видео танилцуулгыг хүлээн авна. Өөрийн видео танилцуулгыг youtube дээр байршуулсан байна.

2016.04.22-29             Видео танилцуулгыг www.myf.mn вебсайт, “The 7 Model ASEM Mongolia” фейсбүүк хуудсаар дамжуулан түгээж, олон нийтийн санал асуулга явуулна.

2016.05.02-06             АСЕМ-ын 7 дугаар Загвар Чуулганы оролцогчдын сонгон шалгаруулалтыг хийнэ.

1. Олон нийтийн санал асуулгаар

2. Шүүгч нарын багын саналыг харгалзан тус тус 25, 25 буюу нийт 50 оролцогч сонгон шалгаруулж авна.

2016.05.09 Сонгон шалгаруулалтын дүнг www.myf.mn вебсайт, “The 7 Model ASEM Mongolia” фейсбүүк хуудсаар дамжуулан зарлана.  


“АСЕМ-ын Загвар чуулган-2016”   
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй