
Долоо хоног бүрийн пүрэв гарагт зохиогддог “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар энэ удаа АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг угтаж Улаанбаатар хотод хийгдэх авто зам, гудамж талбайн шинэчлэл, засвар, тохижилтын ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
АСЕМ-ын зочид, төлөөлөгчдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах, нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс нийслэлийн нийт 6 чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэл, 13 гудамж, талбайн тохижилт засвар үйлчилгээний ажлыг хийхээр болжээ.
Авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Гандийн гудамж, Баянмонгол хороолол, Энхтайваны гүүрийн зүүн талын туслах авто замаас Гэндэнгийн гудамж хүртэлх авто зам, Их Монгол Улсын гудамжны авто замуудын өргөтгөл, шинэчлэл, Яармагийн гүүрээс Чингис хаан ОУНБ хүртэлх замын гэрэлтүүлгийг солих болон Богд уулын арын замын гэрэлтүүлгийг шинээр тавих зэрэг ажлыг гуравдугаар сарын 25-наас эхлүүлэх аж.
Мөн гудамж, талбайн тохижилт засвар үйлчилгээний ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, их тойруу, Сүхбаатарын гудамж, их сургуулийн гудамж, Намяньжугийн гудамж, наадамчдын зам, нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Гэндэнгийн гудамж, Жамьян гүний гудамж, Их Монгол Улсын гудамж, Олимпийн гудамж гэсэн 13 гудамж, талбайн тохижилтын ажлыг гуравдугаар сарын 14-нөөс эхэлжээ.
Дээрх 13 гудамжны тохижилт хариуцсан ажлын хэсгийн гишүүд тухайн орчинд үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран орчноо тохижуулах, цэвэрлэх үүрэг хүлээжээ.
АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх эдгээр засвар, тохижилтын бүх ажлыг иргэдэд болон замын хөдөлгөөнд аль болох хүндрэл учруулахгүйгээр хийж гүйцэтгэх бөгөөд зургаадугаар сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөж байна. “Хийсэн бүх ажил АСЕМ дууссаны дараа Улаанбаатар хотод маань өнгө нэмж үлдэнэ” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал мэдээллийн төгсгөлд онцолсон юм.
Засвар, тохижилтын ажлыг иргэдэд хүндрэл учруулахгүйгээр хийнэ | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.