
Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын 2015 оны 13 дугаар тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар ээлжит хуралдааныг зохион байгуулав.
Энэхүү уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар мэдээлэл хийх үеэр, одоогийн байдлаар 30 орноос мөн Европын парламентаас нийт 110 гаруй төлөөлөгч уулзалтад оролцохоор байна гэж танилцуулаад бэлтгэл ажлын явц болон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөв.
Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтад оролцох урилгыг АСЕМ-ын гишүүн 51 орны парламентын дээд, доод танхимуудын дарга нар болон олон улсын 2 байгууллагад албан ёсоор хүргүүлээд байгаа. Иймд бусад орны парламентын төлөөлөгчидтэй холбогдож, оролцуулах талаар арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон холбогдох бусад газрын албаны хүмүүс өөр өөрсдийн хариуцаж байгаа ажлаа тайлагнаж, мэдээлэл солилцсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.
АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтын хүрээнд зохион байгуулагдах хамгийн эхний арга хэмжээ нь Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Энэ уулзалт тухайн орны парламент байрладаг ордонд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ дагуу Төрийн ордонд 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн АСЕМ-ын дээд түвшний уулзалт 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Иймд энэ ойг тохиолдуулан парламентын түншлэл энэ уулзалтад ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилцахаар Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг “Ази, Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.
АСЕМ-ын Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа | ||
Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.