Улаанбаатар хотод болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг “АСЕМ-ын Загвар чуулган 2016” ирэх долоодугаар сарын 6-10-нд Монгол Улсад зохиогдох гэж байна. Үүнтэй холбогдуулан тус чуулганыг голлон зохион байгуулагч Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны төлөөлөл дөрөвдүгээр сарын 14-нд “АСЕМ-ын цаг”-аар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, дипломат ёс, яриа хэлцээний талаар туршлага олгох зорилготой уг чуулганаар АСЕМ-ын түнш орнуудын 150 гаруй залуус чуулж, бүс нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар дуу хоолойгоо нэгтгэн Дээд түвшний уулзалтаас гарах баримт бичигт тусгуулах аж.
ASEF буюу Ази-Европын сан, ГХЯ, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулах уг чуулганы хүрээнд улс төр, нийгэм соёл, эдийн засгийн асуудлаар дэд хуралдаан, семинар, хоёр талт уулзалт болон соёлын бусад арга хэмжээ болно. Мөн АСЕМ-ын гишүүн улс хоорондын дипломат айлчлалд оюутан залуусын төлөөллийг оролцуулах ажлыг зохион байгуулна.
Чуулганы хэлэлцүүлэг, семинар, мэтгэлцээнүүдэд дотоодын их, дээд сургуулиудын багш, оюутнууд оролцож багаар ажиллах, мэтгэлцэх, зөвшилцөх, манлайлах чадвараа хөгжүүлэх боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.
“АСЕМ-ын загвар чуулган 2016”-д оролцох хүсэлтэй залуусыг дөрөвдүгээр сарын 17 хүртэл МЗХ-ны төв байранд бүртгэж байгаа бөгөөд чуулганы үеэр сайн дураар ажиллах оюутан залуусыг Хөдөлмөрийн төв биржээр дамжуулан бүртгэж сонгон шалгаруулж байна.
Уг чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.myf.mn сайтаас авч болно.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.