
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, АУ-ны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.
- “Нярайн скрининг шинжилгээний багийн чадамжийг бэхжүүлэх нь төсөл”-ийн нээлт болох гэж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр ямар ач холбогдолтой вэ?
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхим, Монголын хүүхдийн анагаахын эмч нарын холбоо хамтран Олон Улсын Ротарийн Глобал грандаас Нийслэл ротари клуб, Солонгос Улсын Ёонжин ротари клубын дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлэх тэтгэлэг авч, “Нярайн тандалт шинжилгээний багийн чадамжийг бэхжүүлэх төсөл”-ийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, эцэг, эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, бодлого боловсруулагчдад нярайн скрининг шинжилгээний ач холбогдолыг ойлгуулахад бидний эхний зорилт оршино. Цаашлаад нярайг 24-72 цагийн дотор нярайг скрининг шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг хийж, эерэг хариутай нярайг эргэн дуудаж, давтан шинжилж, оношийг баталгаажуулах ба эмчилж, хяналтандаа авна.
-Скрининг шинжилгээ гэхээр юуг нь шинжилнэ гэсэн үг вэ? Өмнө нь манайд энэ төрлийн шинжилгээг хийж байсан уу?
-Скрининг шинжилгээ нь нярайг төрөлхийн эмгэгтэй эсэхийг нь тодорхойлно. Эмнэлзүйн шинж нь илрээгүй байхад оношилж, эрт эмчилгээнд хамруулснаар оюуны хомсдол, өсөлтийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоос сэргийлэх, зарим тохиолдолд эндэгдлээс аврах боломжтой юм. Энэ төсөл нь манай багийн хувьд хоёр дахь удаагаа хэрэгжих гэж байна. Үүнээс өмнө 2000-2002 онд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Олон улсын атомын энергийн агентлагийн тусламжтайгаар дөнгөж төрсөн 2700 орчим нярайг гурван жилийн хугацаанд зөвхөн бамбай булчирхайн скрининг шинжилгээнд хамруулсан ба үүгээр хоёр нярай бамбай булчирхайн төрөлхийн дутагдалтай болох нь тогтоогдсон. Монголд төрөлхийн бамбай булчирхайн дутагдал өвчний тархалт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байх магадлалтай гэсэн дүгнэлтийг тухайн үед хийж байсан юм.
-Хоёр дахь удаад ямар шинжилгээ хийсэн юм бэ?
-2002 оноос хойш скрининг шинжилгээ хийгдэхгүй тодорхой хугацааг үдсэн. Энэ төрлийн шинжилгээг цаашид эх орондоо тогтмол хийдэг болоход олон улсын нярайн скрининг шинжилгээний нийгэмлэгт элсэх, Ази Номхон далайн нярайн скрининг шинжилгээний багийн бүрэлдэхүүнд орж ажиллах, тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон ажил ар араасаа үргэлжилсэн. 2008 оноос эхлэн бид тодорхой сургалт семинарт хамрагдан, хүний нөөцөө бэлдсэн ба шинжилгээний өмнөх шатны бэлтгэлийг хангаж, эмч мэрэгжилтэн, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлагыг бэлтгэж, хэдэн арван сургалтыг тасралтгүй зохион байгуулж, улмаар 2012 оны 8 сараас эхлэн Финлянд улсын “Перкэн элмир” компаний скрининг шинжилгээ хийдэг тоног төхөөрөмж, лабораторийг оруулж ирсэн ба урвалж авах дэмжлэгийг Шинжлэх ухаан технологийн сангаас авч төслийг хэрэгжүүлсэн.
Өөрөөр хэлбэл 2012-2014 онд нийт 7238 нярайд бамбай булчирхай төрөлхийн дутагдал, төрөлхийн адреногениталь хамшинж буюу эмэгтэй хүүхдийн хувьд хүйс хоёрчлогдож эрших, эрэгтэй хүүхдэд цагаасаа эрт бэлгийн бойжилт эхлэх шинж бүхий эмгэгийн скрининг шинжилгээ хийсэн. Шинжилгээнд хамрагдсан нярайгаас 5 нярай эмгэгтэй болох нь тогтоогдсон. Үүнээс гурав нь бамбай булчирхайн төрөлхийн анхдагч дутагдал, хоёр нь хүйс хоёрчлогдох, эрт бэлгийн бойжилт эхлэх эмгэгтэй байсан. Тэгэхээр нярайн эмгэгийг хэдий чинээ эрт илрүүлнэ төдий чинээ эмчилгээ үр дүнтэй, хөгжлийн бэрхшээл үүсэхгүй.
-Ийм эмгэгтэй хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ. Эмгэг даамжирвал ямар эрсдэлд хүргэх бол?
-Бамбай булчирхайн төрөлхийн анхдагч дутагдалтай нярай анх төрөхдөө хэвийн харагддаг ч хэсэг хугацааны дараа оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдлоор эмнэлзүйн шинж нь голчлон илэрдэг. Өсөж том болохоороо өөртөө ч үйлчилж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн болж өсдөг. Тиймээс бамбай булчирхайн ийм эмгэгтэй нярайг эрт оношилсноор зөвхөн бамбайн даавар орлуулах эмчилгээ хийгээд л 100 хувь эрүүл саруул хүүхэд шиг өсгөх боломжтой. Харин төрөлхийн адреногениталь хамшинжийн хувьд охидод эрших шинж бий болдог. Тухайлбал, гадаад төрхөөрөө эрэгтэй хүүхэд шиг булчинлаг, сахалтай бүдүүн хоолойтой болохоос гадна гадна бэлэг эрхтэн ч бас эрэгтэй хүүхдийнх шиг болж өөрчлөгддөг.
Хөвгүүдийн хувьд 2-4 наснаасаа эхлэн бэлгийн бойжилтын шинжүүдтэй болж, маш богино хугацаанд өндөр болсноо удалгүй өсөлт зогсож, насанд хүрэхдээ намхан, өсөлтийн хоцрогдолтой болдог. Хүнд хэлбэрийн ийм эмгэгтэй нярай төрснөөс хойшхи хоёр дахь долоо хоногоос бөөлжиж, суулган, хордлогод ордог. Өөрөөр хэлбэл, суулгалт өвчнөөр эндэх аюултай байдаг. Түүний уг шалтгаан нь энэ эмгэг байх жишээтэй. Тэгэхээр төрөлхийн ийм эмгэгтэй хүүхдийг төрснөөс хойших 24-72 цагийн хооронд скрининг шинжилгээ хийж илрүүлснээр бүрэн эмчлэх боломжтой. Эцэг эхчүүд ч ийм шинж илэрвэл хүүхдээ даруй мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах нь чухал.
-Скрининг шинжилгээг яг яаж хийдэг юм бэ?
-Скрининг бол нярайн өсгийнөөс хэдхэн дусал цус авдаг шинжилгээ. Өсгийний өвдөлтгүй цэгийг сонгон тусгай зориулалтын зүүгээр хатгаад дусал цусаа фильтер цаасанд шингээж авдаг. Ингээд цустай фильтер цаасаа тасалгааны хэмд 2-4 цаг хатаагаад, дугтуйлан “Нярайн скрининг шинжилгээний лаборатори”-д илгээнэ. Манайх шиг өргөн уудам нутагтай, сумд нь зайтай оронд бол фильтер цаасанд цус цуглуулж авах нь тохиромжтой сонголт. Хамгийн захын сумаас ч гэсэн цусны дээж авч манай лабораторит илгээж болно. Дэлхий нийтээрээ энэ аргыг хамгийн тохиромжтойд тооцдог.
-Шинжилгээний хариу гарахад хэдий хэр хугацаа шаарддаг вэ?
-7-14 хоногт гарна. Монгол Улсын хэмжээнд нярайн скрининг шинжилгээг хийж чадахуйц хүчин чадалтай лабораторитай болсон. Хамгийн гол нь салбар яам, Засгийн газраас санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Бид энэ удаад Олон Улсын Ротари сангийн дэмжлэгтэйгээр урвалжаа захиалан авах, эцэг эх, эмч мэргэжилтний гарын авлагыг шинэчлэн бүтээх ажлыг хийж байна. Нярайн скрининг шинжилгээг зөвхөн шинжилгээ хийх арга гэж ойлгож болохгүй. Энэ нь ард иргэд, эмнэлгийн мэргэжилтэн бодлого боловсруулагчдад боловсрол олгохоос эхлэн, цусны дээж цуглуулах, дээжид шинжилгээ хийх, эерэг хариутай тохиолдлыг давтан дуудаж дахин шинжлэх, өвчтэй болох нь тогтоогдсон нярайг эмчлэх хянах, үр дүнг нь тооцох, эргэн мэдээлэх, төлөвлөх гээд бүх л бүтэн цогц ТОГТОЛЦОО юм. Монгол Улсын хөгжлийн ирээдүй болсон бяцхан үрсийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос өмнө эрт оношилж, эмчлэх хэрэгтэй.
-Олон улсад нярайн скрининг шинжилгээ ямар түвшинд байна вэ. Хэдэн төрлийн өвчинг урьдчилан оношилж байна?
-Олон улсад гол төлөв заавал тодорхойлох ёстой таван өвчинг сонгосон байдаг. Хүсэх юм бол 50 өвчнийг ч эрт оношлох боломжтой. Энэ нь тухайн орны хүн амзүйн онцлогоос хамааран өөр өөр байж болдог. Манайд олонтаа хийгддэг таван өвчний гурвыг нь оношлох боломжтой болсон. Дээр хэлсэн хоёр эмгэг дээр нэмээд нярайн эмгэг шарлалтын нэг шалтгаан болдог Глюкоз-6 фосфат дегидрогеназ фермент дутагдах эмгэг. Сүүлийн жилүүдэд нярайн эмгэг шарлалт ихсэж байна. Тиймээс бид энэ эмгэгээр туршилт судалгаа хийсэн. Энэ шинжилгээнд 300-аад нярай хамрагдсан ба үүнд нийт нярайн 23.5 хувь нь эмгэгтэй байж болзошгүй гэсэн хариу гарсан байгаа. Энэ бол өндөр тоо.
-Нярайн шарлалтад юу нөлөөлж байна вэ?
-Энэ фермент дутагдах эмгэгт эхчүүдийн хэрэглэж байгаа хоол хүнс нөлөөлдөг. Жирэмсэн эмэгтэйчүүд даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүн, шош, вандуй, хүнсний будагч бодистой ундаа, жүүсийг хэрэглэх нь нярайн цусны улаан эсийг задалж, улаан эсийн гадна талын мембраныг хайлуулах сөрөг хүчин зүйл болж байгаа юм. Мөн эмийн зохисгүй хэрэглээ нөлөөлж байна. Аспирин зэрэг халуун бууруулах эм, бөөрний эмгэгт хэрэглэгддэг сульфатомицины бүлгийн эмүүд, тухайлбал бийсептол, цаашлаад фурадонин, фурагин зэрэг эмийг хэрэглэх нь дээрх эмгэг үүсэхэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс нярайн шарлалтын нэг шалтгаан дээрх эмгэгийг нярайн эрт үед нь илрүүлэх шаардлагатай.
-Ирэх сараас нярайн тандалт шинжилгээг авч эхлэх юм байна. Хаана авах вэ?
- 2012-2014 онд хэрэгжүүлсэн төслийн үед шинжилгээнд нийслэлд байгаа улсын 4 амаржих газруудад төрж байгаа нийт нярайн 10 хувийг хамруулах зорилт тавьж ажилласан. Тэрэндээ ч хүрсэн. Харин одоо бол улсын дөрвөн амаржих газар, хувийн хэвшлийн амаржих газарт төрж байгаа нярайд энэ шинжилгээг хийнэ. 6 сарын хугацаанд 6000 нярайд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ нь өмнөхөөсөө 4 дахин хурдтай ажиллана гэсэн үг. Мөн хүсвэл эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ хамруулж болно. Нэмж хэлэхэд, бид улсын дөрвөн амаржих газарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ сургачихсан. Одоо хувийн эмнэлэг дэх мэргэжилтнүүдээ чадавхижуулах сургалтад хамруулна. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд, скрининг бол бодисын солилцоо, даавар, удамшлын өвчнүүдийг ганц дусал цусаар оношилдог шинжилгээ. Тиймээс хүүхдээ эрт үед нь оношлуулах боломж эцэг, эхчүүдэд байгаа.
Г.Эрдэнэтуяа: Нярай хүүхдийн цусаар удамшлын болон сэтгэцийн өвчинтэй эсэхийг тодорхойлох боломжтой | ||
Үзсэн: 47166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.