Шууд Chart

АСЕМ-ын үеэр ажиллах сайн дурынхныг сургаж эхэллээ

2016-04-26 07:59:51

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүд болон 20 гаруй их, дээд сургуулийн 1500 орчим оюутан, залуус бүртгүүлээд байна.

Эдгээр сайн дурын ажилтныг 50, 50-иар нь 24 багт хувааж, эхний 4 багт ажил үүргийн ерөнхий ойлголт өгөх “Үндсэн сургалт” 4 дүгээр сарын 25-нд эхэллээ. Сургалтаар АСЕМ-ын үйл ажиллагаа, сайн дурын ажлын талаар суурь мэдлэг олгож байгаагаас гадна багаар ажиллах чадвар эзэмшүүлэх практик хичээлийг тоглоомын аргад суурилан зааж байна.

Уг сургалтыг олон улсын “Teamwork & Team play” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Дүдү” боловсролын сангийн мэргэшсэн багш нар удирдан явуулж байгаа юм.

Үндсэн сургалт тавдугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараагаар олон улсын харилцаа, дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавигдах шаардлага, зохион байгуулалтын талаар мэдлэг олгох “Чиглүүлэх сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Чиглүүлэх сургалт”-ыг  АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны мэргэжилтнүүд болон ГХЯ-ны ахмад дипломатч нар удирдан явуулах бөгөөд залууст хөтөч тайлбарлагчаар ажиллахад шаардлагатай мэдлэг олгох зорилгоор нийслэлийн түүх дурсгалт газруудаар танилцах аяллыг мөн зохион байгуулах аж.

Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 21-23-нд болж өндөрлөсөн Ази, Европын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зохион байгуулалтын ажилд АСЕМ-ын сайн дурын 50 гаруй ажилтан амжилттай оролцсон байна. Тэднийг удирдан зохион байгуулах штаб Монголын хүүхдийн ордонд байрлаж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан оюутнууд аливаа үйл ажиллагаанд оролцохдоо ялгах тэмдэг, хувцас, хэрэгслээр жигдэрч байгаа юм.


АСЕМ-ын үеэр ажиллах сайн дурынхныг сургаж эхэллээ  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй