
Дэлхийн усны өдөр жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог. Энэхүү өдрийг манай улс 1993 оноос хойш тэмдэглэж байгаа. Гэвч манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22 дугаарт бүртгэгддэгээрээ усны нөөц багатай орны тоонд орж байна. Манай улс хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаараа хангадаг ч өдөр ирэх тусам хомсдож буйгаас гадна экологийн хувьд маш эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог судалгаа гарсан.
Ийм атлаа манайхан гүний цэвэр усаараа бохироо гүйлгэдгийг гадныхан хараад толгой сэгсэрдэг. “Цэвэр усаа хэмнэе” уриагаа өнөөдрөөс хэрэгжүүлвэл яасан юм бэ.
Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Гэтэл Монгол Улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны хэмжээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс хоёр дахин их буюу 230-280 литр байдаг гэнэ. Харин гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага буюу 6-8 литр. Ийм харьцангуй үзүүлэлтийг багасгахын тулд орон сууцанд амьдрагсад наад зах нь шүдээ угаахдаа аяганд ус тосч хэвшмээр. Нэг удаагийн шүд угаалтаараа ямар ч шаардлагагүй урсгадаг нэг хүний усыг 10 өдрийнхтэй нь дүгнэвэл наад зах нь 20 л усыг зүгээр л урсгачиж байгаа юм. Тиймээс манайхан саарал усыг зарим хэрэглээндээ ашиглах шаардлагатайг зарим иргэн сэтгэл зовнин хэлж байна. Тэгвэл саарал ус гэж чухам юу вэ. Зарим хүн энэ талаар ямар ч ойлголтгүй байдаг болохоор товчхон тайлбар өгье. Энэ бол ердөө л бидний өдөр тутмын хэрэглээнээс гарсан бохир усыг хэлдэг.
Энэхүү саарал ус нь хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд байдаг аж. Та бид усанд орж, аяга, тавгаа угаах бүртээ цэвэр усыг саарал ус болгон “үйлдвэрлэж” байдаг.
Харин гэр хорооллын зарим айл цэвэр усаа хэмнэхийн тулд усанд орсон усандаа бараан өнгийн хувцас эд зүйлсээ угааж, эцэст нь шалаа чийглэж арчаад асгадаг гэсэн яриа бий. Энэ бол зөв хэрэглээ юм.
Хүн өөрийн хөлс хүчээ зориулаагүй бүхэндээ хорон ханддаг гэдэг. Орон сууцныхан “Өөрөө урсаад гардаг усыг хэмнээд яадаг юм” гэсэн дэндүү үрэлгэн санаандаа дийлджээ. Хэрвээ энэ байдал үргэлжилсээр байвал Улаанбаатарын иргэд 2018 он гэхэд цэвэр усны хангамжгүй болно гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс саарал ус ашиглахыг нийслэлчүүддээ уриалж, хэвшүүлж, хэрэгжүүлье.
Нэгэн жишээ дурдахад, саарал усны хэрэглээг хуульчилж, өдгөө ягштал баримталж буй улс бол Сингапур. Энэ улс томоохон сургууль, эмнэлэг, зочид буудал, орон сууцандаа ийм усыг байнга хэрэглэдэг гэнэ. Манайхан эдгээр байгууллагад одоогоор хэрэгжүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж эхний хугацаанд арьс шир, ноос ноолуурын үйлдвэрт, мод зүлэг услахдаа, гал унтраах анги, бие засах болон машин угаалгын газар тогтмол хэрэглэмээр.
Ус сувгийн удирдах газар саарал усны хэрэглээг нэмэгдүүлэхээр хэд хэдэн машин угаалга, зарим үйлдвэрт хэрэглүүлэхээр заасан ч үлдсэн олон арван байгууллага цэвэр усаа шүршсээр байна. Тиймээс энэ талд бүгдээрээ анхаарч, нийтэд нь хэрэглүүлэх шаардлагатай юм.
Гэхдээ хуучны голдуу орон сууцтай, шинэ баригдсан байлаа ч саарал усанд зориулсан шугам хоолой татаагүй бол нийслэлчүүдэд ийм усыг хэрэглэе гэсэн ч боломжгүй. Тиймээс дээр дурдсан арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, томоохон хот суурингийн дэргэдэх уурхай гэх мэт усыг тонн, тонноор нь хэрэглэдэг газрыг юун түрүүнд хэрэгжүүлэх үүрэг өгөх хэрэгтэй. Нөгөө талаар эдгээр байгууллага цэвэр усны төлбөрөөс ч чөлөөлөгдөх боломжтой болно.
Нэгэн жишээ авч үзвэл, авто угаалгын газрынхан даралттай мотороор усаа шүршиж угаахдаа нэг машинд 15-20 литр ус зарцуулдаг гэсэн. Тэгэхээр нийслэлд буй албан ёсны зөвшөөрөлтэй 90 авто угаалгын газраар өдөрт дунджаар 40 жолооч машинаа угаалгадаг гэж үзвэл нийтдээ 3600 машиныг цэмцийлгэдэг байх нь. Тэгэхээр өдөрт 720 тонн ус урсаад алга болж байна гэсэн үг. Харин гэрийнхээ үүдэнд эсвэл голын эрэг дээр зогсоод машинаа угаадаг жолооч нарыг нэмж тооцвол 80 тоннд өлхөн хүрнэ. Үүнийг жилээр биш сараар авч үзвэл уншигч танд “Бид чинь нээрээ л ийм их цэвэр усаа алдаад байгаа юм байна шүү дээ” гэсэн бодол төрөх вий.
Тиймээс саарал усыг хэрхэн бий болгох вэ. Олон жилийн өмнөөс ХБНГУ-ын “Green Life” компани “Gmbh” ультра шүүлтүүртэй технологийг бий болгож, өөрсдөө ашиглаж байгааг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өчнөөн харсан. Тиймээс үүнийг эсвэл өөр улсад ч үйлдвэрлэсэн ультра шүүлтүүртэй технологийг дотооддоо нэн яаралтай нийлүүлбэл санасандаа хүрнэ. Олон сая ам бүлтэй ХБНГУ саарал усаа дахин ашигласнаар жилд 90 шоо метр ус хэмнэж байна шүү дээ. Тэгэхээр бидэнд ч ийм боломж бий юм.
Саарал усны хэрэглээг нэмэх нь ашигтай | ||
Үзсэн: 3757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.