Шууд Chart

Фэйсбүүк корпорацийн ашиг орлого гурав дахин нэмэгджээ

2016-04-29 13:17:57

"Apple" корпораци 2016 оны эхний улирлын тайлангаа танилцуулж, 13 жилийн хугацаанд анх удаа ашиг орлого нь буурсан тухай мэдээлсэн. Тэгвэл Фэйсбүүк корпорацийн мөн үеийн ашиг өмнөх оныхтой харьцуулахад эрс өссөн талаар мэдээлсэн байна.

Фэйсбүүк цахим сүлжээ хэрэглэгчийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээгээр тус цахим сүлжээг 1 тэрбум 650 сая хүн идэвхтэй хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Дээрх хандлагыг даган Фэйсбүүк корпорацийн ашиг орлого ч эрс нэмэгдэж, энэ оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум америк долларт хүрсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 195 хувь өссөн үзүүлэлт болохыг "Би-Би-Си" агентлаг уламжиллаа. Фэйсбүүк цахим сүлжээг ашиглагчийн тоо нэмэгдэхийн хэрээр тус цахим сүлжээгээр бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулах компанийн тоо мөн олшрох хандлагатай байгаа юм. Фэйсбүүк корпорацийн ашиг орлого эрс өссөн гол шалтгаан нь энэ гэж ажиглагчид тайлбарлаж байна.

Фэйсбүүк корпорацийн зар сурталчилгаанаас олох орлогын 82 хувийг гар утсан дээр Фэйсбүүк аппликешнээр цацагдаж байгаа сурталчилгаа бүрдүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 9 хувиар өссөн дүн юм. Ийнхүү Фэйсбүүк корпорацийн ашиг орлого эрс нэмэгдсэн тухай мэдээ гарсны дараа тус корпорацийн хувьцааны үнэ 9 хувиар өсчээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Фэйсбүүк корпорацийн ашиг орлого гурав дахин нэмэгджээ  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй