Шууд Chart

105 тонн зааны соёог шатаажээ

2016-05-02 13:05:42

Кенийн эрх баригчид хууль бус анчид, наймаачдаас хураан авсан 105 тонн зааны соёо, 1.35 тонн хирсний эврийг шатаажээ. Энэ үйлдлээрээ тус улсын эрх баригчид зааны соёоны хууль бус наймааг таслан зогсооход олон улсын анхаарлыг хандуулж, энэ асуудлаар шийдэмгий тэмцэл өрнүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ гэж шинжээчид тайлбарлаж байна.

Найроби хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шатаасан эдгээр соёо болон эврийг цуглуулахын тулд хууль бус анчид 6500 заан, 450 хирс агнажээ. Эдгээр соёо нийтдээ 150 сая америк долларын үнэ хүрэх байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Өмнө нь  Кенийн эрх баригчид хууль бус антай тэмцэх зорилгоор зааны соёо шатааж байсан удаатай.

Гэхдээ энэ удаад түүхэн дэх хамгийн их хэмжээний зааны соёог нэг дор цуглуулан шатаасан гэдгээрээ онцлог юм. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн дагуу заан агнахыг олон улсад хориглосон байдаг. Гэсэн хэдий ч жил бүр Африкийн бүс нутгаас хууль бус анчид 30 мянга гаруй заан агнадаг гэх тооцоо гарсан байна.

Хууль бус анг бууруулахын тулд Кенийн эрх баригчид байгаль хамгаалагч эргүүлийг нэмэгдүүлэх, хууль бус анчдад чанга хатуу торгууль оногдуулах зэрэг арга хэмжээ авч байгаа ч хөрөнгө мөнгөний дутагдлаас үүдэн энэ ажил төдийлөн амжилт ололгүй өнөөг хүрсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

105 тонн зааны соёог шатаажээ  
Үзсэн: 1850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй