
Өчигдөр Венесуэл улсын эрх баригчид эрчим хүч хэмнэх зорилгоор цагаа 30 минутаар урагшлуулжээ. Өдрийн гэрэл ашиглалтыг сайжруулж, эрчим хүчний хэрэглээг бууруулна гэж үзэж, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро энэ шийдвэрийг гаргасан байна. Та бүхэнд эргэн сануулахад, тус улсад нүүрлэсэн эрчим хүчний хямралаас үүдэн дэлгүүр хоршоодыг тонох, Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулах явдал олширсноос гадна Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай Венесуэлийн сөрөг хүчний намынхан гарын үсэг цуглуулж эхлээд байна.
Венесуэлийн эрх баригчид эрчим хүч хэмнэх хүрээнд өдөр бүр 4 цаг эрчим хүчний хязгаарлалт хийн, төрийн албан хаагчдыг зөвхөн даваа, мягмар гарагт ажиллуулах шийдвэр гаргаад байгаа юм. Мөн дунд сургуулиудын сурагчид баасан гарагт амарч байгаа бол их дэлгүүрүүд зөвхөн хагас цагаар ажиллаж, хувийн эрчим хүчний үүсгүүр ашиглах үүрэг авсан байна. Венесуэл улс усан цахилгаан станцаас эрчим хүчнийхээ дийлэнх хэрэгцээг хангадаг.
Иймээс сүүлийн саруудад тус улсад нүүрлэсэн ган гачиг ийнхүү эрчим хүчний хомсдолд хүргэсэн гэж Венесуэлийн эрх баригчид тайлбарлаж байна. Гэхдээ газрын тосны арвин нөөцтэй тус улс энэ мэт байгалийн үзэгдэлд урьдаас бэлтгэж, эрчим хүч хангах нөөц эх сурвалжууд байгуулан, ашиглалтад оруулах боломж байсан гэдгийг олон улсын шинжээчид хэлж байгаа юм. Газрын тосны үнийн уналт ч тус улсад хүндээр туссан. Үүнтэй холбоотойгоор венесуэлчүүд хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд нэрвэгдээд байна.
Венесуэлийн эрх баригчид цагаа 30 минутаар урагшлуулах шийдвэр гаргалаа | ||
Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.