Шууд Chart

Хуучин хавтангуудыг зам засварт дахин ашиглана

2016-05-04 09:40:24

АСЕМ-ын Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсэг тавдугаар сарын 3-нд ээлжит хурлаа хийж, зочид буудлууд, тэдгээрийн зоогийн газруудад хийж буй хяналт шалгалт, Дээд хэмжээний уулзалтын үеэр зохиох урлаг соёлын зарим арга хэмжээ, гудамж талбайн тохижилтын ажлын явц зэрэг асуудал хэлэлцлээ.

Ажлын хэсгийн энэ удаагийн хурлыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг удирдан явуулав. АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд МХЕГ-аас 8 чиглэлд 10 ажлын хэсэг гарган, АСЕМ-ын түнш 43 зочид буудал,  тэдгээрийн дэргэдэх зоогийн газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр ноцтой зөрчил дутагдал илрээгүй ч зарим нэг байгууллагад зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байгаа учир 12 чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн байна.

АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжны  нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, цэвэрлэгээний ажил үргэлжилж байгаа бөгөөд үүнд 140 гаруй хүн ажиллаж байна. Тохижилтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлж, одоогоор өнгө үзэмж, чанарын хувьд шаардлага хангахгүй болсон 3500 м2 хайс хашлагыг засварлан буулгаж, 36593 м2 явган хүний замын хавтанг нөхөн,  9364,73 м2 явган замын хавтан шинээр тавих ажил хийгдсэн байна. Гэхдээ хуучин хуулж авсан хавтангаа хотын бусад хэсэгт байгаа явган замуудыг нөхөхөд ашиглаж байгаа тухай Улаанбаатар хотын Захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр онцоллоо.

Picture3-tile

Шинээр 12400 м2 унадаг дугуйн зам тавьж, сул шороо бүхий талбайг эко хавтангаар хучих, 3-5 метр өндөртэй гацуур, нарс, шинэс моддыг тарьж суулгасан байна. Мөн хотын өнгө үзэмжид нөлөөлж байгаа зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй зар сурталчилгааны самбаруудыг буулгах, хуучирч муудсан найман барилгын гадна фасадыг засварлах, ханын зураг солих, гэрлийн шонгуудыг цэвэрлэх, будах, замын тэмдэг тэмдэглэгээг солих,  эзэн нь тодорхойгүй замбараагүй татсан кабель утсуудыг эмхлэх зэрэг ажил үргэлжилж байна. Дээрх 13 гудамжны тохижилтын ажил Улаанбаатар хотын хэмжээнд 40 хувьтай явж байгаа бөгөөд зургаадугаар сарын 10 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна.


Хуучин хавтангуудыг зам засварт дахин ашиглана  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй