Шууд Chart

АСЕМ-д бэлтгэх үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

2016-05-05 06:43:45

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалдаг Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 25 дугаар хуралдаан тавдугаар сарын 4-нд болж,  АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалтын бэлтгэл ажил, төсөв зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалтын дагалдах арга хэмжээний нэг АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт ирэх зургаадугаар сарын 9-10-нд Улаанбаатарт болно. Уг уулзалтад АСЕМ-ын гишүүн орнуудаас 300 гаруй төлөөлөгч ирэхээр тооцоолсон бөгөөд одоогоор 22 орны 44 төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна. Мөн тавдугаар сарын 12-13-нд болон долоодугаар сарын 12-14-нд Улаанбаатарт АСЕМ-ын түнш 51 орны АСЕМ хариуцсан Ахлах албан тушаалтнууд уулзах юм.

Дээд түвшний уулзалтын үеэр ашиглах бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 10 автомашиныг худалдан авах санхүүжилтыг Нийслэлийн ИТХ-аас шийдвэрлэсэн байна. Эдгээр автомашиныг гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Уулзалтын дараа түргэн тусламжийн автомашинуудыг  нийслэлийн “Түргэн тусламжийн төв”-ийн хэрэгцээнд ашиглах аж.

Дээд түвшний уулзалтаар ирэх гадаадын 1000 гаруй сэтгүүлчид зориулсан “Хэвлэлийн төв”-ийн тохижилтын талаар болон арга хэмжээг шууд дамжуулах дотоодын телевизүүдийн тухай мөн хэлэлцлээ. Хэвлэлийн төвд уулзалтыг шууд дамжуулах 11 цэг, сурвалжлага хийх 2 цэгийг байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн Дээд түвшний уулзалтын үеэр ажиллах орон хариуцсан ажилтнууд  АСЕМ-ын бэлгэ тэмдэг бүхий зангиа, алчуураар ижилсэхээр болов.


АСЕМ-д бэлтгэх үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо  
Үзсэн: 1384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй