
Ойрын 36 жил зохиогдоогүй байсан Умард Солонгосын Хөдөлмөрийн намын долоодугаар их хурал өчигдөр өндөрлөсөн байна. Дөрвөн өдөр үргэлжилсэн тус хурлыг хааж Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун үг хэллээ. Түүний хэлсэн үгийг тус улсын төв телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна.
Тэрээр хэлсэн үгэндээ энэ удаагийн их хурлаар намын дээд албан тушаалтнууд гайхалтай санаануудыг гаргаж, Умард Солонгос улсыг хүчирхэгжүүлэх ажилд том тус хүргэсэн болохыг цохон тэмдэглэлээ. Түүнээс гадна цаашид Хөдөлмөрийн нам ард түмнээ удирдан жолоодож тэдний хүсэл тэмүүлэлийг бодит ажил болгохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.
Түүнийг үг хэлж дууссаны дараа их хурлын дарга Ким Ён Нам талархал илэрхийлээд, одоогийн удирдагч Ким Чен Уныг намын даргын шинэ албан тушаалд томилох санал гаргасныг хуралд оролцогчид уухай хашгиран, алга нижигнүүлэн ташиж хүлээн авлаа. Шинэ албан тушаалд томилогдсон Ким Чен Ун түүнд ийм их итгэл хариуцлага хүлээлгэсэн нийт хуралд оролцогчдод талархал илэрхийлээд, цаашид өөрийн амьдралыг ард түмэндээ зориулж, тэдний хүсэл эрмэлзлэлийг биелүүлж сайхан амьдралд хүргэхийн тулд бүхнийг хийнэ гэдгээ амлалаа.
Хурал олон хоног үргэлжилж, цөөнгүй асуудлыг хэлэлцсэн байх магадлалтай хэдий ч хаалттай болсон тул баттай мэдээлэл одоогоор тун бага байна. Гэхдээ удахгүй хурлаар гаргасан шийдвэрүүдийг албан ёсоор олон нийтэд танилцуулна гэж шинжээчид үзэж байгаа юм.
Умард Солонгосын хөдөлмөрийн намын долоодугаар их хурал өндөрлөлөө | ||
Үзсэн: 1565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.