Шууд Chart

Германы иргэд дэлхийн 177 улсад визгүй зорчдог

2016-05-11 15:29:29

Улс орнуудын иргэд хэдэн оронд визгүй зорчих боломжтойгоор нь жагсаасан чансааг Лондонд төвтэй “Хенли энд Партнерс” фирм нийтэлсэн байна. Тус фирмийн гаргасан энэ оны чансаагаар Герман улсын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортод тооцогдож байна. Германы иргэд дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрээс 177-д нь визгүй зорчих боломжтой байгаа юм. 2014 оноос хойш Герман улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлжээ.

Түүний араас Шведийн иргэд 176 оронд визгүй зорчих эрхтэйгээр удаалсан байна. Харин жил бүр хамгийн олон жуулчин хүлээн авдаг Франц улс Финлянд, Итали, Испани болон АНУ-ын хамтаар III байрт жагссан байна. Эдгээр орны иргэд 175 оронд визгүй зорчих эрхтэй юм. Үүний араас мөн л Европ тивийн орнууд болох Их Британи, Бельги, Дани, Нидерландын паспорт 174 оронд визгүйгээр жуулчлах боломжтойгоор IV байрт бичигджээ.

Эхний байрууд ийм байгаа бол чансааны хамгийн сүүлд Сомали, Ирак, Пакистан, Афганистан зэрэг улс тодорсон байна. Улс орнуудын иргэдийн гадаад оронд аялж жуулчлах эрх чөлөөний түвшин нь визний харилцан нөхцөл, аюулгүй байдлын эрсдэл, мөн жуулчилж байгаа орныхоо визний дүрэм журам болон цагаачлалын хууль тогтоомжийг зөрчих магадлал зэрэг хүчин зүйлээс хамааран харилцан адилгүй байдаг байна.  Монгол Улс энэ онд гадаад оронд аялж жуулчлах эрх чөлөөнийхөө түвшнээр 5 байр ахиж, 81 дугаар байрт бичигдэж байна. Харин манай хойд хөрш ОХУ 48 дугаар байрт, Хятад улс 87 дугаар байрт орж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Германы иргэд дэлхийн 177 улсад визгүй зорчдог  
Үзсэн: 2395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.212.118.xxx [103.212.118.xxx] 2016-05-12 00:57
ASEM iin uyeer mongoliin ner hundiig usguj chadah bol uu?

Бидэнтэй нэгдээрэй